
“World Games Chengdu 2025” Дэлхийн XII дугаар наадам энэ оны наймдугаар сарын 07-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Чэнду хотод болно. Ийн урд хөршийн хувьд тус наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч зохион байгуулна.
Нийт 100 гаруй орны 5 мянга орчим тамирчин оролцох наадамд дэлхийн спортын шилдгүүд хуран чуулахнээ
Дэлхийн наадамд яг одоогийн байдлаар Монгол Улсаас жюү жицүгийн төрөлд чансаагаараа дээгүүрт бичигдэж, хоёр тамирчин оролцох эрхээ албан ёсоор аваа. Монголын Жю жицүгийн холбооноос тус хоёр тамирчнаа хүлээн авч, өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ П.Бүрэнжаргал захиралтай “Гумуда констракшн” компанийн хамт олны зүгээс дэлхийн наадмын аварга болоод ирвэл, орон сууцаар шагнахаа амлав.
Ингээд бид тамирчид болон тус холбооны төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Жюү жицүгийн хоёр тамирчин чансаагаараа Дэлхийн спортын наадамд оролцоно

Жюү жицүгийн тамирчин Г.Монголжин: Биднийг илүү өндөр амжилтын төлөө тэмүүлж зорих боломжийг олгож буй холбооны хамт олондоо талархлаа


-Сайн байна уу? Намайг Ганбаатарын Монголжин гэдэг. Би Жюү жицүгийн бор бүстэй тамирчин. Энэ удаагийн Дэлхийн наадамд дэлхийн ранкаараа 3-д эрэмбэлэгдээд байгаа. Тус наадамд эхний 6 тамирчин уригдан оролцсон. Түвдэнтарваа бид хоёр Дэлхийн наадамд урилгаар оролцох болсондоо баяртай байна. Тамирчид бид тэмцээн уралдаанд оролцох тусмаа ур чадвар маань сайжирч, өрсөлдөөн маань нэмэгдэж байдаг. Тийм болохоор тэмцээнд оролцоно гэдэг нь тухайн боломжийг олж авах нь маш чухал байдаг.
Сая үнэхээр төсөөлөөгүй зүйл боллоо л доо. Үнэхээр гоё байна, дээрээс нь бас бид 2-ыг хэрвээ Дэлхийн наадмаас түрүүлээд ирэх юм бол орон сууц өгнө гэсэн. Тэгээд энэ бол маш гайхалтай, шоконд орж байна. Маш гоё байна.
Биднийг цаашдынхаа замд илүү итгэлтэйгээр, илүү урам зоригтойгоор бэлтгэлээ хийж том амжилтыг зорих боломжийг олгож байгаа холбооны хамт олондоо баярлалаа гэж хэлье.


Жюү жицүгийн тамирчин Ч.Түвдэнтарваа: Азийн наадамд алдсан алдаагаа давтахгүйгээр Дэлхийн наадамд дутуугаа нөхөж, дээшээ сайн барилдахын төлөө хичээнэ
-Миний хувьд дэлхийн чансааны 8-д бичигдэж байгаа. Тэгээд Дэлхийн наадамд чансааны эхний 6 тамирчныг урьдаг. Ингээд нэг улсаас нэг тамирчин оролцох бөгөөд миний дээр Солонгос болон Израил улсын тамирчид давхацсан учраас би чансаагаараа өгсөж тус наадамд анх удаагаа уригдаж байна. Ингэж уригдаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг байна аа.
Дэлхийн наадамд оролцохын тулд би 2 жилийн өмнөөс манай багш, манай баг, хамт олон мөн жюү жицүгийн академиараа ингэж хичээж тэмцээн болгондоо ач холбогдол өгч оролцож байсан. Тэгээд дэлхийн чансаанд Азийн аварга, Азийн наадам, дэлхийн аварга, Гран при, тэгээд Зүүн Азийн наадмын аварга гэсэн 4 тэмцээнээр чансааг нь тодорхойлдог.
Мэдээж Азийн наадамд 2 дахь удаагаа Ханжоугийн наадам болоход 5 дугаар байранд шалгарч байсан. Тэгээд тэндээс маш харамсалтайгаар үлдэж байсан. Тэнд авсан харууслаа Дэлхийн наадамд нөхөж дээшээ сайн барилдахын төлөө хичээж байгаа даа.


Монголын Жюү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ: Дэлхийн наадамд оролцох боломжтой, чансаа өндөр тамирчдаа сойсон
-Дэлхийн наадамд Монголын жюү жицүгийн холбооны хоёр тамирчин оролцохоор болсонд манай холбооны зүгээс маш их баяртай байна. Энэ бол Монгол улсын хэмжээнд нэлээн баяртай үйл явдал. Дэлхийн наадам нь 1981 оноос хойш АНУ-д зохион байгуулж эхэлсэн ийм том наадам. 12 жилийн түүхтэй. Энэхүү наадмыг БНХАУ-д 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ наадам нь Чэнду хотод болох бөгөөд 100 гаруй орны 5 мянга гаруй тамирчин оролцох ийм том наадам болно. Дэлхийн наадамд жюү жицүгийн төрөл 2017 оноос хойш багтан орсон. Өмнө нь тус наадамд Монголын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаа гэж охин 50,2кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан. 2022 онд тус наадам нь АНУ-д болсон.
Ингээд ковидын нөхцөл байдлаас нэг жил хойшилсон энэ наадамд Монголын тамирчин Батсүхийн Батбаяр бас уригдан оролцож байсан. Энэ удаад хоёр тамирчин уригдаж байгаа нь Монголын жюү жицүгийн холбооны тамирчдын нөөц боломж нэмэгдэж буйг харуулж байна. Бид оролцох боломжтой, чансаа өндөртэй олон тамирчдаа бас сорьсон.
Хоёр тамирчин маань Дэлхийн наадамд чансаа нь хүрч оролцох болсон нь манай холбооны хувьд чамлахааргүй сайхан амжилт
Энэ наадам болохоос өмнө бид ААШТ ирэх 5 сард Йордан улс руу баг тамирчдаа илгээхэд бэлэн болсон байна. Мөн ААШТ-ээс гадна Япон руу болон Америк руу тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулна. Дэлхийн наадамд өрсөлдөх хоёр тамирчнаа мөн эдгээр тэмцээнүүдэд өрсөлдүүлнэ. Монголын Жюү жицүгийн холбооноос Дэлхийн наадмын алтан медаль гэдэг зүйл рүү нэлээн хүсэж мөрөөдөж ингэж ажиллаж байна.


“Гумуда Гарден” ХХК-ийн захирал П.Бүрэнжаргал: Жюү жицүгийн гэр бүл маш дотно, сайхан улсууд байдаг. Ийм учраас энэ спортод “Гумуда” клубээ байгуулан, нэгэн эд эс болж нэгдсэндээ баяртай явдаг
-Хоёр жилийн өмнө манай Монгол оронд дэлхийн аваргын том тэмцээн болж байсан. Тэгээд түүн дээр манай “Гумуда Гарден” компанийн зүгээс ерөнхийдөө спонсороор оролцон, баг тамирчдаа дэмжиж байсан. Энэ удаадаа хоёроос гурван жилдээ болдог энэ том тэмцээнд тамирчин Г.Монголжин ингээд манай компанийн нэрийн хуудас болж ингээд дэмжиж байгаадаа маш их баяртай байна аа. Тамирчин хүн чинь өөрөө нэг санхүү, зардлын хувьд ямар нэгэн зардал чирэгдэл их гардаг учраас үүн дээр нь тодорхой хэмжээнд жижигхэн хувь нэмэр оруулъя аа гэж бодож компанийн зүгээс ийм шийдвэр гаргасан. Ингээд дэмжсэндээ маш их баяртай байна аа.
Миний хувьд 2019 онд хамгийн анх Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар найзынхаа урилгаар энэ спортод нэгдсэн. Жюү жицүгийн гэр бүл гэдэг чинь маш дотно, ямар сайхан улсууд байдаг юм бэ гэдэг гоё мэдрэмжийг авч байлаа. Түүнээс хойш О.Болд-Эрдэнэ багштайгаа ингээд найз нөхөд болоод энэ гэр бүл рүү алхаж орсондоо баяртай явдаг.


Дэлхийн наадамд чансааны өндөр оноотой тамирчид уригдан оролцдог. Жюү жицүгийн тамирчин Г.Монголжин, Ч.Түвдэнтарваа нар Монгол Улсын жюү жицүгийн спортоо төлөөлөн Дэлхийн наадамд ур чадвараа сорин өрсөлдөнө.



