
В.Путин Д.Трампад хөрөг зургийг нь бэлэглэжээ
Өнгөрсөн 3-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффоор дамжуулан Ерөнхийлөгч Д.Трампад Оросын нэртэй уран бүтээлчийн зурсан хөрөг зураг бэлэглэсэн тухай С.Уиткофф Такер Карлсоны подкастад оролцох үеэрээ дурдсан юм. Тухайн хөрөг зургийг зурсан Оросын уран зураач Никас Сафронов CNN агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Ерөнхийлөгч В.Путины Д.Трампад бэлэглэсэн хөрөг зураг дээр Никос Сафронов 2024 оны 7-р сард Пенсильвания мужийн Батлер хотод сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Д.Трампыг үг хэлж байх үед зэвсэгт этгээд түүнийг буудан хөнөөхийг оролдсоны дараа Д.Трамп зангидсан гараа өргөн тайзнаас бууж буй мөчийг дүрсэлжээ.
Н.Сафронов, “Миний хувьд цус, шарх сорви болон амийг нь хөнөөх гэж оролдох үед гаргасан эр зоригийг нь харуулах нь чухал байсан. Д.Трамп айж сандраагүйгээр барахгүй зангидсан гараа өргөж америкчуудтай хамт байгаагаа харуулсан. Хөрөг зургаа зурж эхэлж байхдаа би энэхүү бүтээл маань хоёр улсыг ойртуулах чадалтай гэдгийг ухаарсан. Тийм ч учраас би ямар ч хөлс мөнгө аваагүй ” гэжээ.
Түүний ярьснаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнтэй холбогдож, Д.Трампын хөрөг зураг АНУ-тай харилцаагаа сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн болохыг мэдэгджээ.