
Монгол Улс Франц улстай хамтран уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор уг төслийг хэрэгжүүлэх “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард болон тус компанийн удирдлагууд өнөөдөр /2025.04.21/ уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзсан байна.
Гэтэл уулзалтын үеэр “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Ай Си центр”-т зодоон болсон талаар дуудлага мэдээлэл өнөөдөр 14:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очиж ажилласан. Асуудлыг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.
Цахим сүлжээнд тарсан бичлэгт ураныг эсэргүүцэгчид Марк Мелеард захирлыг “нутаг руугаа яв, зайл” гэх мэтээр биед нь халдаж, танхайрч байгаа нь бичигдсэн байсан юм.