
Жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг томоохон тэмцээн нэг бол “Улаанбаатар марафон” билээ. Тэгвэл энэ жил тус тэмцээн ирэх тавдугаар сарын 24-нд болох товтой байна.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно
Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилж байна.
Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой ажээ.

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:
- 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг),
- 5 км-т 10.000 төгрөг,
- 10 км-т 50.000 төгрөг,
- 21 км-т 70.000 төгрөг,
- 42 км-т 90.000 төгрөг байна.
Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.
Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх ажээ.
“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаас хэвлэн авна. Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцсон байна.