
Улсын Их Хурлын даргын 2024 оны 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 8 дахь удаагаа өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн, Г.Золжаргал, П.Ганзориг, Э.Батшугар нар оролцов.
Энэ өдрийн хуралдааны эхэнд виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага болон зорилгыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийн зорилгыг хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх хэмээн тодорхойлсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцагчийг эрсдэлээс хамгаалах зэрэг харилцааг хуульчлахаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн ийм төрлийн хуулийг батлан хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага, хуулийн төсөл батлагдсанаар бий болох үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тухайлбал, Европын холбооны эрх зүйн зохицуулалтын жишгийн дагуу холбогдох зохицуулалтыг төсөлд тусгаснаар хөрөнгө босгох үйл ажиллагааг хялбар, шуурхай болгохоос гадна санхүүгийн салбарт инновацын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, төлбөр тооцоог дундын зуучлалгүйгээр шуурхай, хямд өртгөөр хийх боломжийг нээх аж.
Харин Япон Улс 2017 онд крипто валютаас олсон орлогыг “Бусад орлого” хэсэгт бүртгэх орлого болгон татварын орчныг тодорхой болгожээ. Түүнчлэн 30 сая иенээс дээш дүнтэй гүйлгээг холбогдох байгууллагад тайлагнах зэрэг зохицуулалтуудыг тусгаснаар үр дүнд хүрсэн байна. Цаашид олон улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг судлах бөгөөд FATF (Travel Rule) болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын шаардлага, Япон, Сингапур, Солонгос, АНЭУ, Европын холбоо, АНУ-ын туршлагыг судлахаар төлөвлөжээ.
Хурлын төгсгөлд виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулах төлөвлөгөө гаргах, хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх багийн бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.