
Төрөөс үргүй зардал их гаргаж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа шүүмжиллээ. Тэрээр, ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох санал хураалт 100 мянгад хүрч, хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлсэн юм.
Энэ талаар ярихдаа, “Уг саналыг төсвийн байнгын хороонд шилжүүлээд байгаа ба дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байна. УИХ-ын гишүүд дэгийн тухай хуулиараа иргэдийн өргөдөл гомдлыг авч, цаашлаад төсөв болгох эрхтэй. Уг саналыг манай АН-ын бүлэг дэмжихээр болсон.
Төрийг цомхон болгож татвараа багасгана гэсэн ч эсрэгээрээ төрд олон ажлын байр нэмж, цалингийн зардлыг ихэсгэж байна. Жишээ нь, 46.5 сая хүн амтай Аргентин улсад есөн сайд байдаг бол 3.5 сая хүн амтай манайх 23 сайдтай. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг л байна.
Хяналтын менежер гээд 42 хүн нэмжээ. Мөн Сэлбийн даланг ямар зорилготой бариад байгаа нь мэдэгдэхгүй, 20 тэрбум төгрөг зарцуулж байна гэнэ. Сая хэд хоног төв талбай дээр будаатай хуурга, бантан зуурч ард иргэдэд өглөө. Андлалын хөшөөг бас дурдмаар байна. Энэ мэт үр өгөөжгүй зардлыг танах хэрэгтэй” гэлээ.