
Хангайн бүсийн анхдугаар чуулганы үеэр Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгжүүд төлөхгүй байх агуулга бүхий хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Энэ бол хэзээ ч хэрэгжихгүй хууль. Аль ч улс оронд ажил олгогч өөрийнхөө ажиллаж байгаа хүмүүсийн НДШ-ийг төлдөг. Ийм тогтолцоотой 187 улс байна. Тийм байхад бүтэшгүй зүйл ярьж иргэдэд хүлээлт үүсгэх их буруу . Хэрэгжихгүй хуулийн саналаар ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Малчдын тэтгэврийн насыг хангалттай наашлуулсан. НДШ-ийн 50 хувийг төр дааж байгаа шүү дээ. Ийм хөнгөлөлт үзүүлдэг нэг ч салбар байхгүй.
Мөн ЖДҮ эрхлэх хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор 50-300 сая төгрөгийн зээлийг олгохоор ажиллаж байна. Гэхдээ хамгийн гол асуудал бол хөдөлмөр эрхлэлт, ядуурлын асуудал. Улсын дундаж ядуурлаас илүү их хэмжээний ядуурал энэ бүс нутагт байгаад байна шүү дээ. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ямар ажлын байруудыг шинээр бий болгох уу гэдэг асуудлыг хэлэлцэж байна.
Хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн зээлийг олгохоор ажиллаж байна. Мөн залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн цогцоор нь шийдэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана” гэв.