
Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Мөн Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.