
Казах түмний уламжлалт “Наурызын баяр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22-нд болно.
Энэ жилийн барилдааныг Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ойд зориулж байгаа бөгөөд түрүү бөхийг автомашинаар байлах юм. Харин үзүүрлэсэн бөх дөрөв, их шөвөгт шалгарвал хоёр сая төгрөгийн шагнал гардана.
Энэхүү барилдааныг 2009 онд анх зохион байгуулахад улсын заан Б.Соронзонболд түрүүлсэн бол 2010 онд улсын арслан Ц.Содномдорж начин цолтойдоо түрүүлж байжээ. Тэгвэл 2011 оноос эхлэн 10 жилийн хугацаанд аймаг, цэргийн цолтнуудын дунд эл барилдааныг зохион байгуулав.
Улмаар 2022 оноос дахин улсын цолтнууд оролцож эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил даян аварга Н.Батсуурь түрүүлж, “Соната-9” маркийн автомашины түлхүүр, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэн дөрвөн сая төгрөг гардсан билээ.