
УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын таван хувийг тархины үхэлтэй донороос хийсэн талаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн мэдээллээ.
Тэрээр, “Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан. Үүнээс хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн. Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.