
Бусад зөрчлөөс дайны ялгаа нь
том ашиг сонирхлын зөрчлийг
цус урсган шийдвэрлэдэгт буй
– Карл фон Клаузевиц
Хантингтон Украинд мөргөлдөөн гарч, баруун зүүн гэж хуваагдахыг анхлан ёрлосон юм. Америкийн нэрт улс төр судлаач Samuel P. Huntington 1992 онд American Enterprise Institute дээр тавьсан лекцээ дэлгэрүүлж, 1993 онд Foreign Affairs сэтгүүлд “The Clash of Civilizations?” нэртэйгээр нийтүүлжээ. Үндэстнүүд түүх, соёлын язгуураа нэхэн сэргээх, ялгарлаа тодотгох нь байгалийн явц гэх Хантингтоны санаанд дээрх таамаглал тулгуурласан бөгөөд “бутархай, хоорондоо нийцгүй угсаатны” бүлгүүдтэй улсуудад соёл иргэншлийн хагарал, мөргөлдөөн гарах магадлал их гэж тэр санаагаа зөвтгөсөн. Үнэхээр ч хуучин Югослав, АНУ, Герман, Орос болон Исламын томоохон улсуудад соёл иргэншлийн маргаан гарахад угсаатнууд өөрсдийн шашин, соёл, түүний төлөөлөгчдийг дэмжих байдлаар хуваагдаж байсныг түүх нотолно.
Хантингтоны номлолоор Украин бол түүх, газарзүйн болон шашны тод заагаар хуваагдсан, баруун Украин нь католик, зүүн Украин, Крым нь Оросын Үнэн алдартны соёлын хүрээнд оршдог, соёлын хувьд нэгдмэл бус орон юм. Олон жилийн өмнө хэвлэгдсэн ч Хантингтоны номд Украинд үүсэх аюулын талаар ноцтой сэрэмжлүүлж байсан. “Украин соёлын ялгааны шугам дагуу хуваагдаж, зүүн хэсэг нь Оростой нийлнэ” хэмээн таамаглаж байна. Салан тусгаарлах асуудал анх Крымтэй холбоотой гарч ирнэ” гэж ёстой л Ванга шиг хэлжээ. Пруссын армийн генерал, дайны онолч Карл фон Клаузевиц “Дайн нь улс төрийг өөр арга хэрэгслээр үргэлжлүүлж байгаа хэрэг юм” гэж бичсэн. Тэгэхээр Украин дахь улс төр цус урсгасан дайны хэлбэрээр үргэлжлэх болсны уг шалтгаан юунд байсан бэ?
Шалтгааны эрэлд
Украин дахь дайны талаарх барууны суурь номлолыг эрс шүүмжлэгч, Колумбийн Их сургуулийн профессор Жеффри Закс (Jeffrey Sachs) “Украиныг “Европ дахь Афганистан” болж хувирах гачлант тавилан угтаж байгааг би урьдчилан таамаглаж, Украины удирдлагуудад эртнээс анхааруулсан. Харамсалтай нь үл ойлголцол, хорслоор хариу барьсан. Би Украин, Гүрж дэх хуучин найзууддаа та нар дийлдэшгүй зовлонтой тулгарах болно гэж хэлэхэд тэд итгээгүй, сонсохыг хүсээгүй, харилцаагаа тасалсан. Харамсалтай нь миний зөв байсныг тэд одоо зөвшөөрөх болсон ч “Яагаад?” гэдгийг ойлгоогүй хэвээр байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн 36 жилийн хугацаанд Ж.Закс Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад өрнөсөн үйл явдлуудыг маш анхааралтай ажиглаж, судалсан юм. Тэрээр 1989 онд Польшийн Засгийн газрын зөвлөх, 1990, 1991 онд Ерөнхийлөгч Горбачевын зөвлөх, 1991-1993 онд Ерөнхийлөгч Ельциний зөвлөх, 1993, 1994 онд Украины Ерөнхийлөгч Кучмагийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Майданы дараа Украйны шинэ засгийн газар ч түүнийг урьжээ. Жеффри Закс “Энэ хугацаанд би өөрийн нүдээр харж, мэдэрсэн зүйлээ хэлье. Зөвхөн Украины хямрал төдийгүй 1999 оны Серби, Ойрхи Дорнодын дайн, түүний дотор Ирак, Сири, Африк дахь дайн, түүний дотор Судан, Сомали, Ливи зэрэгт юу болсон бэ. Миний үг та нарыг маш их гайхшируулж, бүр уурлуулж ч магадгүй. Энэ бүх дайн, цуст мөргөлдөөн нь бүгд АНУ-аас сүүлийн 40 жилийн турш явуулж, өдөөн хатгаж буй дайнууд юм. Нарийн яривал 30 гаруй жил гэж хэлмээр байна” гэж Евро парламентад хэлсэн үгэндээ онцлов. Закс Украины хямрал 1990 оноос эхтэй гэлээ.
Берлиний хана нурж, дараа нь ЗХУ задрахад АНУ-д дэлхийг удирдах адын санаа төрж, бид олон улсын харилцаанд хэн нэгний үзэл бодол, улаан шугам, аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын нийгэмлэгт өгөх амлалтыг тоох ёсгүй. Тэр ч байтугай НҮБ-ыг ч тоох ёсгүй гэсэн байр суурьтай болсон аж. Дик Чейни, Пол Вулфовиц, Дуглас Файф нарын хүмүүс АНУ-ын Батлан хамгаалах салбарт ноёлж, “бид энэ дэлхий дээр хүссэн бүхнээ хийнэ” гэх болсон гэнэ. “Бид ЗХУ-ын үлдэгдлээс сална, үлдсэн бүх холбоотнуудыг нь устгана. Ирак, Сири гэх мэт лайтай улсууд алга болно” гэх балмад гадаад бодлогыг 33 жилийн турш явуулж байгаа. Энэ хугацаанд Европын Холбоонд ямар ч гадаад бодлого байгаагүй. Европ одоо бодлогогүй явж ирснийхээ төлөөсийг өндөр үнээр төлж буй хэмээн Закс тодотгов. Нэг туйлт ертөнцийг төсөөлж, түүний жанжин болохыг АНУ мөрөөджээ. Энэ эхний шалтгаан бололтой.
Дараагийн шалтгаан нь НАТО-г дорно зүг рүү тэлсэн явдал. Анх 1991 оны 2-р сарын 7-нд НАТО-гийн тэргүүн Ханс-Дитрих Геншер, америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер нар Михаил Горбачевтай уулзаж ярилцсан. Уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр Ханс-Дитрих Геншер “НАТО хэзээ ч зүүн тийш тэлэхгүй” гэж амлав. Варшавын гэрээ байхгүй болсныг ашиглах бодол бидэнд байхгүй гэж тэр маш тодорхой хэллээ. Ингээд НАТО-г зүүн тийш нэг ямх ч алхуулахгүй гэсэн тохиролцоонд хүрэв. Тэр үедээ энэ талаар тоо томшгүй олон баримт бичигт тодорхой заасан байдаг. Жорж Вашингтоны Их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын архивт хадгалагдаж байгаа гэж Ж.Закс европчуудад сануулав.
Төвийг сахих – гэдэг бол америкийн улс төрийн үгсийн санд хараалын үг гэж ойлгогддог гэнэ. Дундыг барих нь далд хорон санаагаа нуусан этгээдийн л үйлдэл гэж тэд үздэг ажээ. Дайсан, андын аль нь болохыг тодорхой мэдэж байвал амар гэх маягтай үзэл баримтлал улс төрийн дээд хүрээнд амь бөхтэй гэнэ. Ингэсээр 1994 онд НАТО-г зүүн тийш тэлэх шийдвэрийг Ерөнхийлөгч Билл Клинтон гаргах нь тэр. Зүүн тийш Украины хил хүртэл тэлсэн нь 30 жилийн туршид АНУ-ын засаг захиргаанаас явуулсан бодлогын үр дүн ажээ. 1997 онд Збигнев Бжезински “Шатрын агуу өрөг” номдоо Европын Холбоог зүүн зүгт тэлэх, НАТО-г тийш тэлэх хоёр үйл явц хамтдаа өрнөсөн гэж бичжээ. Бжезински бас ЕХ, НАТО хил рүү нь дөхөх үед Орос юу хийх талаар ч таамаглал бичсэн нь бий. Тэр алдаатай дүгнэлт хийж, “Орос яаж ч чадахгүй” гэсэн нь Украины удирдлагад урам өгөх зорилготой байсан бололтой юм.
Дараагийн шалтгааныг Жеффри Закс оросын талаарх АНУ-ын бодлого Британийн империйн бодлогыг хуулбарласан маягтай байгаад бий гэв. 1853 онд лорд Палмерстон “Оросыг Хар тэнгис, Газар дундын тэнгис рүү гарцгүй байлгахын тул бүслэх тухай” номлолыг идэвхтэй явуулж байжээ. Гэвч санасандаа хүрч чадаагүй, алдсан. XXI зуунд АНУ тэр бүтэлгүй номлолыг давтах гэж оролдсон нь Украиныг эмгэнэлд унагаад байна. Украин, Румын, Болгар, Турк тэгээд Гүржээр оросыг бүслээд Хар тэнгист боомтгүй болгох, ОХУ-ыг дэлхийн гүрэн биш болгох… энэ бол Бжезинскийн маш тодорхой илэрхийлсэн бодлого. Энэ бодлогын алдаа нь Украинд хүндээр тусаж эхний ээлжинд Крымын хойгоо алдсан билээ. Өмнө нь энэ бодлогын золиосонд Серб өртөж, навс бөмбөгдүүлж, нутгаа алдсан. Косово гэж огт байгаагүй улс мэндэлсэн.
Дараагийн шалтгаан нь АНУ-ын улам бүр догширч буй дайнч, түрэмгий авирт буй гэнэ. Жорж Бушийн засаглалын үед 9 сарын 11-ни халдлага болоход Ерөнхийлөгч Путин бүх талаар туслахаа амлаж байв. Харин 2001 оны 9 сард АНУ Осама бин Ладенд дайн зарлаж, зэрэгцээд тавхан жилийн дотор нийт 7 улсад дайн өрнүүлжээ.
НАТО-гийн генерал Уэсли Кларк Пентагонд 2001 оны 9 сарын 20-нд дуудагдаж очиход нь түүнд эдгээр 7 дайны тухай бичиг баримтуудыг гардуулсан байна. Ихэнх нь Нетаньяхугийн дайн ажээ. ЗХУ-тай харилцаатай байсан ХАМАС, Хезболлатай дайтна. Израил эргэн тойрныхоо бүх нутгийг бүрэн хянах хүсэлтэй. Эсэргүүцэх тал гарвал бид биш гэхэд манай найз АНУ дор нь гөвөөд өгнө. Бүр тэр үед л Газын зурвасыг Израил биш АНУ эзэмших санаа яригдаж байжээ. Энэ санаа 25 жил хөгжиж байгаа бөгөөд Clean Break гэх төслийг Нетаньяху ба америкын улс төрчдийн баг бүр 1996 онд боловсруулсан байна.
НАТО 2004 онд нэмж 7 улсыг эгнээндээ элсүүлэв. Балтийн гурав, дээр нь Румын, Болгар, Словени, Словак. Берлиний хана нурах үед өгсөн амлалт талаар болж байгааг ОХУ зүгээр хараад суусангүй. Мюнхений Аюулгүй байдлын зөвлөлгөөн дээр 2007 онд В.Путин англиар “Enough. Enough. Stop now” гэж тодорхой хэлжээ. Мөн тэрээр ганц туйлт дэлхий гэж байхгүй хэмээн хатуу сануулсан байна. Гэтэл АНУ-д 2008 оноос НАТО-г Украин, Гүржээр тэлэх тухай ярьж эхэлжээ. 2008 онд ТТГ-ын дарга Уильям Бернс Орост суух элчин байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райст урт гэгчийн дипломат телеграмм ирүүлэв. “Үгүй – огтхон ч үгүй” гэх гарчигтай телеграмд Бернс НАТО-г өргөтгөхийг ганц Путин эсэргүүцээд байгаа юм биш ээ, оросын улс төр тэр чигтээ эсрэг байна гэж анхааруулсан юм. Жулиан Ассанжийн ачаар энэ телеграмыг дэлхий даяар мэдэх болсон.
Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Янукович НАТО-д элсэх асуудал дээр төвийг сахих байр суурийг илэрхийлж байлаа. 2010 онд ОХУ Украинтай Севастопол боомт дахь тэнгисийн цэргийн баазыг 2042 он хүртэл түрээслэх гэрээг үзэглэсэн бөгөөд гэрээн дээр Крым, Донбассын талаар нэг ч үг байхгүй.
Дайны эхлэл
Гэтэл 2014 онд өнгөт хувьсгал нэртэй төрийн эргэлтийг АНУ санхүүжүүлэн зохион байгуулж Януковичийг унагах замаар НАТО-г тэлэх юм болов. Энэ нь Крымд салан тусгаарлах санал асуулга явуулах гохыг дарж орхисон юм. Донбасс, Луганск ар араасаа босов. Олон жил орос иргэдийг ялгаварлан гадуурхаж, фашист яргалал явуулж байсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ.
2021 онд Путин АНУ-тай тохиролцох сүүлийн оролдлогоо хийлээ. ЕХ, АНУ-тай тус тусад нь Аюулгүй байдлын гэрээ хийх төслийг 2021 оны 12 дугаар сарын 15-нд гардуулсан. Тэр үед Жеффри Закс Байдены аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан луу залгаж “Жейк, дайн гарах нь зогсоогооч. Зайлсхийж болох дайн. Үүний тулд АНУ “НАТО-д Украиныг хэзээ ч элсүүлэхгүй” гэж тод хэлэхэд л хангалттай гэжээ. Салливан түүнд Украиныг элсүүлэхгүй, гэхдээ энийг олон нийтэд зарлахгүй. Дайн гарахгүй, битгий санаа зов гэж хариулсан байна.
Бизнес, улс төрд аюулгүй байдлын эрсдэлийг тооцоолоход ашигладаг Тоглоомын онол гэж бий. Энэ онолд эрсдэлийн таамаглалын хамгийн муу хувилбарыг тооцож бодлогоо гаргах ёстой гэж сургадаг. Гэтэл америкчууд хамгийн өөдрөг төсөөллөөр ханджээ. Хамгийн тэнэг санааг НАТО гаргасан гэж Жеффри хэлэв. Нээлттэй хаалганы бодлого гэгдэх энэ тэнэглэлээр НАТО яахаа шийдэх бүрэн эрхтэй. Хөрш улсууд юу гэх нь бид нарт падлийгүй гэж үзнэ.
Оросууд тоглоомын онолын дагуу хамгийн муу үр дагаварт бэлдэж байлаа. Канад, Мексик хоёр Хятадуудад хандан манай нутаг дэвсгэр дээр, АНУ-ын хилд тулгаад цэргийн баазаа байгуулна уу даа гэж хэлбэл юу болох вэ? Америк тэгэх цагт “Яах вэ, энэ бол Нээлттэй хаалганы бодлого. Канад, хятадууд яах нь бидэнд падлийгүй гээд суух болов уу?
2022 оны 2 дугаар сард Байдены засаг захиргаа оростой ямар ч хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэв. Сарын өмнө Энтони Блинкен Сергей Лавровт, АНУ пуужингийн системээ хаана дуртай газраа байрлуулах эрхийг өөртөө үлдээлээ гэж мэдэгдсэн юм. Рейган, Горбачев хоёрын 1987 онд байгуулсан Дунд, ойрын тусгалын пуужинг устгах хэлэлцээрээс АНУ 2019 онд гарсан нь ингэж хэлэх үндэслэл болсон юм.
2022 оны 2 дугаар сарын 24-д Киевийн цагаар үүрийн 5 цагт оросууд украины хилийг давуулан цэргээ орууллаа. Аюулгүй байдлын талаар онолын ч болов ойлголттой хүн Цэргийн тусгай ажиллагааны зорилгыг ойлгоно. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоон. Энэ хүртэл Путин цус урсгахгүй бүх боломжийг эрэлхийлсэн. Хамгийн тэнэг нь Цэргийн тусгай ажиллагаа эхлээд хэд хоносны дараа Зеленский “Украин төвийг сахихад бэлэн” гэж мэдэгддэг юм. Нэгэнт оройтсон байлаа. Хантингтоны ёрлол ёсоор болж одоо дайны үр дүнд Украин хуваагдах нь тодорхой болсон. АНУ-ын дээд түвшнийхэн В.Зеленскийд 2014 оноос өмнөх нутаг дэвсгэрийг мөрөөдөх хэрэггүйг удаа дараа санууллаа.
Саяхан Жеффри Закс ЕХ-ны парламентад “Украины дайн үндсэндээ дуусаж, үр дүнд нь АНУ-аар толгойлуулсан Дэлхийн шинэ дэг журам тогтно” гэж мэдэгдэв.
Онол, бодит үр дүнгээс авах сургамж
Nation state – тусгаар улсын эн тэргүүний зорилт нь өөрийн үндэстний оршин тогтнолыг ямар үнээр хамаагүй хадгалах, тэсэж үлдэх юм. Том гүрнүүдийн эрх баригчдад ёс мэт үүсдэг асуудал нь Засаглал, эрх мэдлийнхээ боломж, чадлыг чинээнд нь тултал ашиглах байдаг. Сонгогчиддоо, татвар төлөгчиддөө лут удирдагч, стратегич гэж харагдаж байж эрх барих боломжоо хадгална. Тийм үед нь тэдэнд эрсдэл учруулах, бүр аюулгүй байдалд нь заналхийлэх нь үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдохын үлгэр болдог гэдгийг Украины эрх баригчид дэлхий нийтэд сайтар ухааруулж өглөө.
Жижиг улсын удирдагч өөрийгөө нөлөө бүхий тоглогч, хэнээс ч үл эмээх эрэлхэг зоригтон гэж төсөөлснөөр үндэстнийхээ оршин тогтнолд аюул учруулж, сая сая хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэж, олон мянган иргэнийхээ амийг золилоо. Украин байгал нийгмийн шалгарлыг давж, тэсэж үлдэж чадсангүй. Их гүрнүүдийн зодоонд хохирч үлдлээ. Чарьлз Дарвин аль дээр том нь жижгээ иддэг зүй тогтлыг бидэнд нээж өгсөн.
Биднийг ч ийм байдалд түлхэн оруулах илэрхий зорилготой бүлэглэл бодитоор бий. Тэд учир шалтгааны холбоос, аюулгүй байдлын бодлого зэрэг олон хүчин зүйлсийг давж “No War, Слава Украина” гэж хашгичдаг. Зарим нь АНУ-д байнга оршин суух эрхээ авахын тулд энэ хөдөлгөөнийг турхирч, санхүүжүүлж, Украинаар зугаалж, зургаа тараадаг. Улсаа эрсдэлд оруулан байж харьд толгой хоргодох нь эх оронч үйлдэл лав биш. No War хөдөлгөөний удирдах бүрэлдэхүүн, санхүүжилт зэрэг маш эргэлзээтэй. Украин биш, америк биш бүр бидний төсөөлж ч чадахгүй улс тэднийг хөөргөж, санхүүжүүлж, турхирдаг. Тэр улсад суралцсан С.Эрдэнийн хүүхдүүд санхүүжилтийг гардан авч, тараадаг. С.Эрдэнэ гэр бүл, садан төрөл, улс төрийн дагалдагчдаа дагуулан үе үе тэр улсад өргөн хэмжээний үнэгүй аялал, зугаалга хийдэг.
Саяхан Э.Бат-Үүл анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг нас барахад “П.Очирбат бол харийн колоничлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч” гэж хэлжээ. Бодит үнэн гэвэл ЗХУ-ын цэргийг монголоос гаргах шийдвэрийг П.Очирбат биш М.Горбачев 1985 онд Владивостокт зарласан юм. Монголчууд тэр үед зөвлөлтүүдэд хаягдсан, орхигдсон мэт байснаас бус П.Очирбатын ачаар чөлөөлөгдчихлөө гэж хэн бодохооргүй байсан. П.Очирбат өөрөө сонсвол цочирдохоор тийм гэнэн дүгнэлт шүү. Үе үе дайнд хөөрөх мэт оновчгүй хоосон цочир мэдэгдэл хийх, оросын тагнуулуудыг “илчлэх” нь “Баатар хүнд” байх л гэж бодоод өнгөрөөх юм даа. Энэ хүн оросын эсрэг үгсийг “цогтойгоор” айлдах хэрнэ, илүү хүчтэй хамааралд өртүүлсэн улсын талаар муу үг хэзээ ч хэлдэггүй. Нэг удаа л Лениний хөшөөг нураахад муу үг хэлээд, хатуу “замечание” авсан уу яасан таг болсон юмдаг.
Дайн бол сайхан зүйл биш. Хүний амь, өрх гэрийн аз жаргал, улс орны амгалан амьдрал, үндэстний оршин тогтнолыг аюулд унагах нь хүсэх зүйл огт биш. Гэхдээ том эрх ашгийн зөрчлийг цус урсган шийдвэрлэдэг нь жам юм. НҮБ дахин дэлхийн дайн гаргуулахгүйн төлөө байгуулагдсан боловч дайнаас сэргийлж, зогсоож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь дайн бол байгалийн үзэгдэл. Нийгэм бол байгалийн нэг л хэсэг. Хүн төрөлхтөн сүүлийн 4525 жилийн түүхэндээ 10 мянга 624 их, бага хэмжээний дайн өдүүлжээ. Энэ бол тэмдэглэгдэн үлдсэн нь л юм.
Бидэнд АНУ шиг авирлаж, евроазид дэг журам тогтоож, амгаланг сахиулж байсан цаг бий. Гэхдээ нэгэнт түүх болж үлдсэн. Одоо бидэнд хоёр хөрштэйгөө найртай байх, тэсэж үлдэхийн төлөө бүхнийг хийх л сонголт үлджээ. Бодит улс төр, прагматик бодлого л бидэнд тусална.
Бичвэрээ Jeffrey Sachs-ийн үгээр төгсгөе. …Балтын орнуудад “орос” гэх нэг том айдас байдаг. Тэд орос хэл, соёл, сургууль зэргийг хориглох гэж оролдсон төдийгүй өөрсдийн улсын орос хүн ам руу хүссэнээрээ түрэмгий авир гаргадаг. Учир нь тэдний арыг АНУ даана гэж бат итгэдэг. Балтын орнууд Америкийн дэмжлэгээс үргэлж хамаарч ирсэн бөгөөд АНУ ч тэднийг дэмжиж ирсэн нь үнэн. Эдгээр жижиг улсууд айдастаа хөтлөгдөөд бусад бүх улсаас илүү хэрцгий руссофобууд (оросыг үзэн ядах үзэл) болсон юм. АНУ өөрсдийг нь хамгаална гэж бат найдаж байсан тэд одоо сандралд орох нь тодорхой. Хүчирхэг хөрштэй бол түүн рүү битгий дайр, бүү харааж зүх, үзэн ядалтыг бүү гааруул. Сүүлийн жилүүдэд Балтын орнууд маш аюултай үйлдэл гаргах болсон”
Хо.Мэргэн