
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэе.
- Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг.
- Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино.
- Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе.
- Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна.
- Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
- Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй.
Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье. Ер нь аливаа хурсан асуудлыг цаашид захиргааны бус, харин оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг нэн тэргүүнд дэмжин ажиллана.
- Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагууд хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлж бэлтгэхэд нэн тэргүүнд засаг захиргаа, төрийн байгууллагын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх, хөдөөгөөс хот руу чиглэх урсгалыг хотоос хөдөө, орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн сэргэлтийг идэвхжүүлж, шаардлагатай хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг энэ хаврын чуулганаар боловсруулан хэлэлцүүлж, бүсийн тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Эрхэм гишүүд ээ,
Бидэнд хэлэлцэж шийдэх ажил их байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байна.
Нэгдүгээрт, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.
Геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна.
Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье.
Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна.
Өрх бүл, иргэд чинээлэг бол улс орон чинээлэг байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх биз ээ. Чинээлэг иргэд, малчид, хувийн хэвшил бий болох, өсөн дэвжих зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна.
Өрсөлдөөний тухай хуульд компаниудын энэ мэт зүй бус авирыг хязгаарлаж захиргааны болон санхүүгийн хариуцлага ногдуулах заалт байгаа хэдий ч хариуцлага үр нөлөөтэй байх зарчим алдагдсан байна. Монополтой холбоотой асуудлаар холбогдох байгууллага зөрчлийн шийдвэр гаргадаг ч тухайн цаг үеэсээ бүр хойно шүүхийн замаар шийдэгдэж байгаа нь үр нөлөө, ач холбогдол өгөхгүй байна. Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн өөрчлөлтийг зах зээлийн харилцааны зөнд нь үлдээснээс хэрэглэгчдийн эрх хамгаалалтгүй орхигджээ.
Монополын хяналтыг хязгаарласны улмаас өнөөдөр 133 зүй ёсны монопол байгууллага байгаагаас зөвхөн 13 нь Монополын эсрэг газрын эрхлэх асуудалд хамаарч, үлдсэн монополуудын хувьд хяналт алга. Үүнээс шалтгаалж суурь бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч монопол салбаруудад монополын хяналт “шүдгүй арслан” мэт болсон. Монопол, өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үнэ өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ.