
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргийн ангийн гал тогоогоор зочиллоо.
Энэ гал тогоонд дөрвөн тогооч, дөрвөн бэлтгэгч, дөрвөн угаагч ээлжээр ажилладаг. 24 цаг байрлаж ажиллаад, 72 цаг амардаг юм байна. Бид энэ гал тогоонд тав дахь жилдээ ажиллаж буй ээлжийн тогооч Буянжаргалын Энхтуяатай та бүхнийг уулзуулъя.
Худалдааны байгууллагад 18 жил ажиллаж байгаад ийнхүү тогооч болсон тэрбээр 17 жил энэ мэргэжлээр овоглож яваа аж. Үүнийхээ таван жилийг энэ цэргийн ангийнхаа гал тогоонд өнгөрүүлж байгаа гэнэ.
Хоёр хүү, нэг охинтой. Том хүү нь цэргийн алба хаажээ. Тэр ч утгаараа өөрийнхөө үр хүүхдэд хоол хийж өгч байгаа гэж бодож, ажилдаа ханддаг тухайгаа ярьж байлаа.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.
Тэрбээр “Аль болох л амт чанартай, гоё хоол хийгээд өгчих юм сан гэж чин сэтгэлээсээ л ажлаа хийдэг дээ. Миний үр хүүхэдтэй ялгаа юу байх вэ. Дандаа инээж, үр хүүхэдтэйгээ адилтган бодож, ээж шиг нь, эгч шиг нь байх сан гэж л…
Өглөөний 03.00 цагт босож хоолоо гал дээр тавина. Тэгэхгүй бол бас хоцорчих юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд талхан дээр масло, сахар тавьж, цайгаа чанаад, хоолоо хийж байтал 07.00 цаг болчихно доо.
Бид чинь цэргүүддээ ямар их хайртай гэж санана. Ээлжийн амралтаараа энэ хэдийгээ бодож, санасаар л ирнэ шүү дээ” хэмээн инээмсэглэн ярих.
-Даваа гарагт ийм хоол, бямба гарагт ийм хоол орно гэх мэт тогтсон хуваарь байдаг уу?
-Байлгүй яах вэ Манайх долоо хоногоор нь хоолныхоо хуваарийг гаргачихдаг. Өдөр бүр өөр, өөр хоолтой. Өдрийн дөрвөн хоол нь дөрвүүл өөр. Хоолны дараа чацарганын шүүс эсвэл аарц өгдөг.
-Хүмүүс цэргүүдэд ихэвчлэн л таван цулаар хоол хийж өгдөг гэж боддог. Танайх долоо хоногийн хэдэн өдөр нь гэдэс дотроор хоол хийж өгдөг вэ?
-Өдөрт ганцхан удаа л, бусад үед нь дандаа махан хоол ордог. Ихэвчлэн хуурай хоолоо л таван цулаар хийдэг. Манай цэргүүд таван цулаар хийсэн хоолыг харин ч нэг сайн иддэг дээ.
-”Амттай хоол болжээ” гээд нэмүүлж идсэн цэрэг, дахиад нэмүүлье гээд аягаа бариад ирж байсан тохиолдол бий юу?
-Байгаа, байгаа. Манай цэргүүд дандаа тэгж нэмүүлдэг. Хоол идсэн хүн хоосон таваг тавьж байхыг харах л тогооч хүнд их урам болдог юм. Тэгээд бас хоол идэж дууссан хүн “Баярлалаа” гэдэг үгтэй гарахыг харах сайхан байдаг даа. Цэргүүд маань “Ёстой нэг ээжийн минь гарын хоолыг санагдуулам байлаа” гээд хөлсөө гартал идээд, хөлсөө арчаад гарна.
Манай цэргийн анги хоол хүнсний хангалт сайтай. Өдрийн нэг, хоёрдугаар хоолондоо цадчихаад талх бараг идэхгүй шүү. Анх ирэхдээ энэ талхыг чинь бүр ёстой гуйж иддэг байсан. Одоо бол идээд өгөөч гээд бид гуйна шүү дээ.
-Халагдсан цэрэг “Эгчийнхээ гарын хоолыг ирж иднэ ээ” гээд зориод ирж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Ноднин намар халагдсан цэргүүд тангаргийн баяраар “Эгчийнхээ хоолыг саналаа” гэсээр ирсэн. Бараг 10 гаруй цэрэг энэ хэдийгээ эргэж ирээд, хоол идэж, хэсэг ярилцаж сууж байгаад явсан. Халагдсан цэргүүд ирэхээр бид чинь их баярлана шүү дээ. Цэрэг халагдахаар харин бид чинь уйлаад бөөн юм болно. Нүдэндээ нулимс дүүрэнтэй улс л… Дөрвөн жил цэрэг халагддаг өдөр би ээлжтэй байж таарсан.
Эгч нь тэтгэвэрт гарахад гурван жил дутуу байна. Тэтгэвэрт гарлаа ч гэр ойрхон учир үргэлжлээд ажиллах бодолтой байгаа. Би чинь зүгээр байж чаддаггүй, ажил хийхгүй байж чаддаггүй хүн. Юм хийж л байвал сайхан, бие эрүүл саруул, цоглог явдаг юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
huurhiin be
💖