
ББСБ-ууд, автомашин импортлогч компаниуд автомашин зээлээр худалдан авах иргэдэд тухайн машины үнийн арван хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв. Харин Санхүүгийн зохицуулах хороо журамдаа өөрчлөлт оруулан, иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машинаа ББСБ-аас зээлээр авах боломжтой болсон. Уг журмын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах зөвлөх Д.Болдмягмартай ярилцлаа.
ББСБ-аар дамжуулан автомашины зээл авах иргэд урьдчилгаа 10% төлдөг байсан журам шинэчлэгдэн 30%-ийн урьдчилгаа төлдөг болсон. Яагаад ийнхүү нэмэгдүүлэх болсон бэ?
– 2024 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 573 ББСБ-ын 88.8 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба үүнээс 48.3 хувийг автомашины зээлийн үлдэгдэлтэй ББСБ-ууд эзэлж байна.
Өнгөрсөн оны сүүлээс улирлын чанартай уул уурхайн зарим үйлдвэрлэл хумигдаж, Монгол улсын иргэд гадаадад аялах, хэрэглээний хэт өсөлт, түүний дотор автомашины импортын хэмжээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Монгол Улсын валютын нөөц 2024 оны жилийн эцэст түүхэн дээд хэмжээ буюу 5.5 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2025 оны 02 дугаар сарын эцсээр 0.6 тэрбум ам.доллараар буурч, 4.7 тэрбум ам.долларт хүрсэн дүн мэдээтэй байна.
2024-2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Монголын гаалиар орж ирсэн болон ББСБ-уудын барьцаалж зээл олгосон суудлын автомашины мэдээллээс харахад гаалиар орж ирсэн суудлын автомашинуудын 35 хувь, ачааны автомашины ачааны болон тусгай зориулалтын автомашинуудын 5.8 хувийг ББСБ-уудаас санхүүжүүлсэн байна.
Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах арга хэмжээний хүрээнд санхүүгийн системд нийтлэг хамаарлаас үүдэлтэй эрсдэлийг бууруулах, зээлийн хэт өсөлтийг хязгаарлах чиглэлээр хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг 2023 оноос 70 хувиар тогтоож мөрдүүлж байсан бол 2024 оны 11 дүгээр сарын сүүлээс өр, орлогын харьцааг суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд зээл-үнэлгээний харьцааны хязгаарлалтай хослуулан ашиглахаар шийдвэрлэсэн.
Хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа, автомашины зээлд зээл, үнэлгээний харьцаа тогтоож байгаа нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх, зээлийн бодлогоор дамжуулан гадаад валютын гарах урсгалыг бууруулах эерэг нөлөөтэй юм.
Дээрх суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээлийн зээл-үнэлгээний харьцааг 70 хувиар тогтоосон бөгөөд зөвхөн ББСБ-ууд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах шинэ харьцаа юм. Ингэснээр суудлын автомашин худалдан авах гэж буй этгээд урьдчилгаанд үнэлгээний 30 хувиас доошгүй хувийг төлнө гэсэн ойлголт бөгөөд өмнө нь 10 хувь төлж зээлээр автомашин худалдан авч болно гэсэн зохицуулалт байгаагүй гэж ойлгож болно.
Журам хэзээ батлагдан, хэзээнээс мөрдөгдөж байна вэ?
– Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 дугаар тогтоолоор автомашины зээлд зээл, үнэлгээний харьцааг тогтоож ББСБ-уудад мөрдүүлж эхэлсэн.
Журамд өөрчлөлт оруулсан өөр ямар зохицуулалт байгаа вэ?
– Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оноос цахим-финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоож байсан бол 2024 оны 11 дүгээр сараас эхлэн өргөн хүрээгээр хэрэглээний зээлд өр орлогын харьцааг 70 хувиас ихгүй байхаар тогтоосон.
“Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийн ангилалд хамаарах банк бус санхүүгийн байгууллагаас олгох ногоон зээлд өр орлогын болон зээл үнэлгээний харьцаа хамаарахгүй байхаар мөн холбогдох чөлөөлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
ББСБ-уудыг санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалж ийм шийдвэр гаргасан хэдий ч иргэдийн худалдан авах эрхэд сөрөг нөлөөтэй шийдвэр гэх олон иргэд байна. Үүнд тайлбар өгнө үү?
– Банк бус санхүүгийн байгууллагын салбарын иргэдэд олгох хэрэглээний зээлийн хэмжээ 2019 оны мөн үеэс 5.6 дахин, өмнөх оны мөн үеэс 80.6 хувиар өссөнөөр хэрэглээний зээлийн эрэлт банк бус санхүүгийн салбарт төвлөрч байна. 2019 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг байсан бол 2025 оны 2 дугаар сард 1 дахин өсөж 2.6 сая төгрөгт хүрсэн хэдий ч банк болон ББСБ-аас давхар зээлтэй иргэдийн хувьд өр, орлогын харьцаа дунджаар 79.8 хувь орчимтой байгаагаас үзэхэд зээлдэгчдийн зээлийн бодит төлбөрийн дарамт өндөр буюу сарын орлогынхоо 80 орчим хувийг зээлийн төлбөрт зарцуулж байна.
Иргэд өнөөдрийн хэрэглээгээ өрөөр санхүүжүүлэх үйл явц даамжирвал ирээдүйн орлогоосоо өрөө төлөх тул ирээдүйн хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй бөгөөд энэ нь нэг талаас хөрөнгө оруулагчийн нөгөө талаас үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах хийгээд цаашлаад хэрэглээний зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээлрүү шилжүүлснээр ажлын байр нэмэгдэж, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх эдийн засгийн агуулгатай арга хэмжээ болохыг онцлон хэлмээр байна.
Автомашины худалдаа эрхлэгчдийн худалдаа, орлогод нь нөлөөлж байгаа шийдвэр юм биш үү?
– Өнгөрсөн оны эхний 2 сарын байдлаар импортоор 24,892 суудлын автомашин орж ирсэн бол энэ оны эхний 2 сарын байдлаар 26,337 болж 5.8 хувиар өссөн хэдий ч нөгөө талаас улсын дугаарын хязгаарлалт зэрэг олон хүчин зүйлс борлуулалтын орлогод нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
Өмнө дурдсанчлан энэхүү зохицуулалтын арга хэмжээ нь суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд зах зээлийн үнэлгээний 70 хувиас ихгүй хувийг зээлээр санхүүжүүлэх зохицуулалттай этгээдэд чиглэсэн шийдвэр юм.
Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтийн эрх ашигт энэ мэт шууд хамааралтай шийдвэр, журам зэргийг өөрчлөлт оруулахдаа олон нийтээс санал авах, эсвэл шийдвэрийн үр дүнг хүртэгсдийн дунд судалгаа явуулж гаргадаг уу?
– Энэхүү харьцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээд буюу ББСБ-уудын үйл ажиллагаанд чиглэсэн зохицуулалтын арга хэрэгсэл бөгөөд харин Санхүүгийн зохицуулах хороо захиргааны байгууллага болохын хувьд эдийн засаг дахь төрийн оролцооны анхдагч үүрэг нь оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг төрөөс зохицуулах явдал бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд чиглэсэн хэм хэмжээний актыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу Хорооны цахим хуудасд байршуулан зах зээлийн оролцогчид болон олон нийтээс санал авах ажиллагааг хийдэг.
ажил эрхэлдэг ч цалин,иргэдийн сарын өрхийн орлого огт хүрэлцдэггүй мөн шинэ баригдаж бгаа хорооллууд цэцэрлэг,сургууль байхгүйгээс иргэд хүүхдээ зөөх гэж машин авахаас өөр аргагүй.Хэрэглээнд л машин зээлээр авч бна.Зээлгүй монгол хүн алга. Иргэдээ зээлгүй амьдрах тал дээр анхаараач,хэн ч өрөнд орохыг хүсэхгүй