
ХБНГУ-ын Манхайм хотын төвд 40 настай эр автомашинаараа багт наадамд оролцохоор цугласан хүмүүсийг санаатайгаар дайрсаны улмаас 2 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн гэмтжээ.
Цагдаа нар халдлагыг үйлдсэн этгээдийг баривчилсан ба сэжигтэн эмнэлэгт хууль сахиулагчдын хатуу хараа хяналтын доор эмчлүүлж байгаа аж. Баден-Вюртемберг мужийн Дотоод хэргийн сайд Томас Штроблын мэдээлсэнээр сэжигтэн нь Райнланд-Пфальц мужаас гаралтай 40 настай Герман эр бөгөөд түүнийг уг халдлагыг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа аж.
Мөрдөгчид сэжигтэн нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болохыг тогтоосон ба түүний үйлдсэн хэрэгт улс төрийн сэдэл байхгүй гэжээ.
Уг халдлагын улмаас 83 настай эмэгтэй, 54 настай эрэгтэй амиа алджээ.
Сэжигтэнг хар өнгийн Ford Fiesta машинаараа халдлага үйлдэж байгааг кафе дотроос харсан таксины жолооч машинаараа сэжигтний машиныг мөргөж, халдлагыг зогсоож чадсан ба сэжигтэнг машинаасаа гарч зугтаах үед нь цагдаа нар баривчилж, хүний амийг санаатайгаар хөнөөсөн мөн хөнөөхийг оролдсон хэргээр шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн 12-р сард ХБНГУ-ын Магдебург хотод, 2-р сард Мюнхен хотод мөн адил автомашинаар иргэдийг санаатайгаар дайрсан хэргүүд гарсан билээ.
Эx Сурвалж: BBC