
Оскарын 96 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгээр тодорсон Шон Бэйкерийн инээдмийн романтик “Анора” уран сайхны киноны уран бүтээлчид Оскарын шагналыг түүсэн гэхэд болно.
- Шилдэг зохиол: Шон Бейкер, “Анора”
- Шилдэг найруулга: Шон Бейкер, “Анора”
- Шилдэг найруулагч: Шон Бейкер, “Анора”
- Шилдэг эмэгтэй жүжигчин: Майки Мэдисон, “Анора”
- Шилдэг зураг: “Анора”
Оросын олигархын хүү Иван Нью Йоркийн нэгэн клубт тайчигч бүсгүй Аноратай танилцаж, гэрлэх санал тавьсанаар тэд Лас Вегас хотод гэрлэлтээ батлуулна. Үүнийг мэдсэн Иваны ээж аав гэр бүлийнх нь нэр хүндийг унагасан хүүгийнхээ гэрлэлтийг цуцлахаар АНУ-ыг зорьж буй талаар гарна.
Анора буюу Анигийн дүрээрээ Америкийн Кино академийн шагналыг хүртсэн 25 настай Майки Мэдисоны жүжигчний карьер 14 настайд нь эхэлжээ.
Богино хэмжээний хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан түүний хувьд 2016-2022 онуудад FX сувгийн Better Things олон ангит инээдмийн кинонд бүтээсэн дүр нь түүнийг Холливуудад хөтөлжээ.
Түүнээс хойш М.Мэдисон 2022 онд гарсан “Scream” аймшгийн кино болон Квентин Тарантиногийн “Once Upon A Time in Hollywood” зэрэг кинонуудад туслах дүрүүдийг бүтээжээ. “Анора” киног найруулж, зохиолыг нь бичсэн Шон Бэйкер Анорагийн дүрийг тусгайлан М.Мэдисонд зориулж бичсэн аж.
Лос Анжелес хотоос гаралтай М.Мэдисоны аав ээж хоёр нь хоёулаа сэтгэл зүйч мэргэжилтэй ба тэрээр Майлз нэртэй ихэр ахтай бөгөөд дээрээ хоёр эгч, доороо нэг эрэгтэй дүүтэй аж.
“Анора” кинонд Оросын олигархын хүү Ванягийн дүрийг бүтээсэн Марк Эдельштейн нь 2002 онд мэндэлжээ. Түүний ээж нь Оросын Нижегород хотын театрын сургуульд багшаар ажиллаж байсан учраас М. Эдельштейн багаасаа театрын урлагт дурлаж, сурагч байхдаа загвар өмсөж, дунд сургуулиа төгсөөд эхний оролдлогоороо л А.П.Чеховын нэрэмжит Мосвагийн уран сайхны театрын дэргэдэх дээд сургуульд тэнцжээ.
Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсан нь тус кинонд туслах дүрийг бүтээсэн Оросын жүжигчин Юра Борисов Оскарын шагналд нэр дэвшсэн явдал байсан юм.
Тэрээр Оскарын шагналд Оросоос нэр дэвшсэн анхны жүжигчин болсон юм. 32 настай Юра Борисов мөн л багаасаа драмын дугуйланд явж, 16 настайдаа М. С. Щепкины нэрэмжит Театрын дээд сургуульд тэнцжээ.
Тэрээр өнөөдрийн байдлаар бүрэн хэмжээний 32 уран сайхны кинонд, олон ангит 22 кинонд гол ба туслах дүрүүд бүтээсэн ба Шон Бэйкерийн “Анора”-д бүтээсэн дүрээрээ “Screen Actors Guild Awards”, “Spirit Awards”, “Critics Choice Awards”, Их Британийн BAFTA зэрэг шагналуудад нэр дэвшсэн юм. “Анора”-гийн найруулагч Шон Бэйкер кино зохиолоо бичиж эхлээгүй байхдаа Юра Борисовт ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Игорийн дүрд тоглох саналыг тавьсан түүхтэй аж.