
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс-Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиумыг Токио хотноо зохион байгуулав.
Симпозиумын үндсэн илтгэлийг Б.Батцэцэг сайд сонордуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал”-ын тухай тогтоол баталснаас хойших 25 жилийн хугацаанд багагүй ахиц дэвшил гарсан ч цаашид хийж хэрэгжүүлэх ажил их байгааг онцоллоо. Тэрбээр дэлхий дахинд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалж, тэгш байдлыг баталгаажуулах, үүний тулд нийгэм, улс төр, олон улсын харилцааны үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсныг тэмдэглээд “Эх дэлхийгээ бид уран барилга хэмээн төсөөлбөл энх тайван, амар амгалан, алс ирээдүйн төлөөх ухаанаа шингээсэн архитектор нь эмэгтэйчүүд юм” гэв.
Мөн түүхийн хүнд бэрх цагт ард олноо манлайлж, улс орныхоо оршин тогтнолыг хамгаалаад зогсохгүй хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн монгол, японы ухаант хатдын үйл хэрэг өнөө ч үлгэр дуурайл болж буйг тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татсан байа.
Түүнчлэн Монгол Улс феминист гадаад бодлогыг дэмжин, эмэгтэйчүүдийн манлайлал, энх тайван, аюулгүй байдлын асуудалд бодит хувь нэмрээ оруулж буйг тодорхой жишээгээр тайлбарлав.
Үндсэн илтгэлийн дараах хэлэлцүүлгийн явцад “Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг хамруулсан арга хэмжээ, тэдэнд олгосон албан тушаалын талаарх статистик тоо огтхон ч биш, харин манлайллыг нь бодитоор хүлээн зөвшөөрөх ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт юм” хэмээн Гадаад харилцааны сайд тэмдэглэснийг хүрэлцэн ирсэн зочид талархан дэмжиж, онцолжээ.
Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан уг симпозиум НҮБ-ын их сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой аж.