
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Уг айлчлалд онцлох зүйлс олон байсныг хоёр талын төлөөлөгчид хэлж байсан төдийгүй, олон улс судлаачдын зүгээс энэхүү айлчлалын ач холбогдлыг хэрхэн харж байгаа талаар бичиж, нийтлэгдээд эхэлсэн аж.
ОНЦЛОГ 1: 11 жилийн дараа парламентын түвшинд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал. 2013 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдалбан ёсны айлчлал хийсэн байдаг.
ОНЦЛОГ 2: Монгол Улс анх удаа 5 намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүн сонгогдон ажиллаж буй УИХ-ын даргын хувиар анхны айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаа, “Үндэсний эвсэл”ийн дарга Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар байлаа.
ОНЦЛОГ 3: ИХ 7 буюу БНХАУ-ын Коммунист Намын Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүний 2 нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хүлээн авч уулзлаа. Өмнө нь Монгол Улсаас хийж буй төрийн дээд түвшний хийгээд албан ёсны айлчлалын хүрээнд ИХ 7-ын зөвхөн 1 нь л хүлээн авч уулздаг байсан бол энэ удаад БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жао Лөжи, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Хунин нартай уулзалт хийсэн юм.
ОНЦЛОГ 4: БНХАУ таван жилээр эдийн засаг, нийгмийн хөгжлөө төлөвлөдөг бөгөөд энэ жил 14 дахь таван жилийн төлөвлөгөө нь дуусаж, ирэх онд дараагийн буюу 15 дахь Таван жилээ төлөвлөх гэж буй урьтал үед энэхүү айлчлалыг хийсэн бөгөөд Монгол, Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд ирэх онд батлагдах Таван жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцсон юм.
Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал хийж байна гэдэг нь л харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой байгааг илтгэнэ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд:
“Өндөр дээд хэмжээний айлчлал бол хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн иж бүрэн түншлэлийн үндэс суурийг улам бүр бататгах, улс төрийн итгэлцэлийг нэмэгдүүлэх, хоёр тал бодлого хөтөлбөрөө уялдуулан төлөвлөж тусгахад ихээхэн ач холбогдолтой байдаг.
Уялдуулан төлөвлөнө гэдэг нь хоорондоо адилхан байна гэсэн үг биш. Жишээлбэл, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулж, түүний хүрээнд цаашид аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг гацаахгүйгээр тодорхой бөгөөд тогтвортой хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хууль эрх зүйн хувьд гээд бүх талаас нь бүрдүүлж, харилцан уялдуулахад хууль тогтоох дээд байгууллагуудын үүрэг, хариуцлага чухал байдаг.
Тиймээс энэхүү айлчлал хоёр талын хувьд улс төрийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Ер нь бол Олон улсын харилцааны практикт өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүй ч гэсэн тухайн айлчлал нь өөрөө хоёр талын харилцаа хамтын ажиллагаа тогтмол бөгөөд ач холбогдолтой байгааг харуулж байдаг” гэв.
Булган-Такашикен боомтыг өргөтгөн худалдаа, эдийн засгийн хоёр дахь боомт байгуулна
УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга:
“Айлчлалын уулзалтуудаар яригдсан гол асуудлуудын нэг нь хууль тогтоох байгууллагуудын түвшинд хоёр орны харилцааг улам бэхжүүлэх, мөн өөрчлөгдөн шинэчлэгдэж буй технологийн үед хоёр орон хэрхэн хамтарч ажиллах талаар, мөн эдгээр хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн орчныг яаж бүрдүүлж болох вэ гэдэг талаар санал солилцлоо.
Түүнчлэн худалдааны түнш гэдэг утгаараа Монгол Улс, БНХАУ хооронд сүүлийн 30 жил дэх хамгийн том худалдааны гэрээ болох “Ганцмод-Гашуунсухайт” боомтын гэрээ зурагдсан. Үүнийг дагаад хүлээгдэж байсан бусад боомтын холболтын талаар санал солилцож, эдгээрийг түргэвчлэх болон эрх зүйн орчныг бүрдүүлэх тухайд УИХ-ын дарга тодорхой саналуудыг тавьж, БНХАУ-ын холбогдох албаныхантай нэгдсэн ойлголтод хүрч чадлаа.
Мөн түүнчлэн БНХАУ ирэх таван жилийн төлөвлөгөөгөө баталж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбогдуулан үүнийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, баруун бүсийн боомтуудыг, ялангуяа Булган-Такешкен боомтыг хамтран хөгжүүлж өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийж, тэр бүс нутагтаа эдийн засгийн голлох төв болох тал дээр харилцан санал солилцож, Хятадын талаас дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Баруун бүсэд Эрээн-Замын үүдийн боомттой өрсөлдөхүйц, энэ түвшинд хүрсэн олон улсын боомтыг байгуулж чадвал тухайн бүс нутгийн иргэд маань 4-5 дахин богино зам туулж, мөн ийм хэмжээний бага өртгөөр худалдаа арилжаа хийх боломж бүрдэнэ” гэв.
Парламентад суудалтай таван намын төлөөлөлтэй хамт айлчилж буй нь Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхой, тогтвортой хэрэгжинэ гэдгийг илтгэн харууллаа

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
“Нэгдүгээрт, хоёр улсын хоорон дахь олон жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өргөжүүлэх. Хоёрдугаарт, өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын таван намын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж буй явдал юм. Ач холбогдлын тухайд урд хөрш БНХАУ-ын төр засаг, бодлого тодорхойлогчдод хамтарсан Засгийн газар байгуулахын зэрэгцээ парламентад суудалтай таван намын төлөөлөлтэй хамт айлчилж буй нь цаашид Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхой бөгөөд тогтвортой хэрэгжих боломжтой гэдгийг илтгэн харуулж буйгаараа ихээхэн онцлог, ач холбогдолтой болж байна. Учир нь, урд хөрш маань Монгол Улсаас тогтвортой, тууштай байдал, тодорхой бодлого хүсэж байгаа. Хэрэв энэ зарчмыг баримталж чадвал БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирсон томоохон төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.