
Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан байдаг.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан.
Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барих талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.
Нэгт, 2022 оноос хойш он дамнан хэрэгжиж байгаа Жаргалантын үерийн хамгаалалтын далан буюу 1.8 км үерийн даланг ашиглалтад хүлээлгэн өгнө.
Өнгөрсөн онд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн байгууламжийг барьж дууссан.
Урагшаа Жаргалантын ам руу холбогдох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ жил барьснаар нийт ажил дуусах юм.
Хоёрт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон суваг нь инженерийн хийцлэлгүй учраас ус нэвтрэх чадамж алдагдсан. Тиймээс тус шугамыг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.
Гуравт, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд үерийн улмаас босоо түшиц хана нурсан. Уг 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.
Дөрөвт, Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.
Түүнчлэн Сэлбэ голд таван шатлалт усан сан барина.
Нийт 1.3 сая метр.куб ус хуримтлуулах зориулалттай найман далангаас бүрдсэн хоёр хажуу талаараа шороон далантай, инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай таван шатлалт усан сан барихаар төлөвлөлөө.
Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг 168 км үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр 2025 оны төлөвлөгөөнд тусгажээ.
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС