
Сар шинийн баяраар хоёр өдөр амарч, даваа гарагт ажил цуглана. Энэ хоёр хоногийн амралтын сунгах нь зүйтэй гэх “хэлэлцүүлэг” иргэдийн дунд өрнөсөөр. УИХ-ын чуулган амарсан байгаа энэ цагт Төрийн ордонд ажиллаж суугаа гишүүдээс “Та хоёр хоногт ах дүү, амраг садандаа очиж золгож амжих уу” гэх асуултыг асуулаа.
Б.Бат-Эрдэнэ: Амжихгүй шүү дээ. Ер нь шинийн найман хүртэл золгуут хийж таарна байх. Зорьж очих ахмадын дийлэнх нь орон нутагт бий. Эрдэнэт рүү зам нэлээн бөглөрдөг.
Ер нь бол бусад илүү дутуу баяруудыг байхгүй болгох хэрэгтэй. Наадам, цагаан сар манай үндэсний баяр учраас амралтыг сунгавал аюулгүй байдлын хувьд ч тэр их зүгээр.
Х.Баасанжаргал: Яагаад ч амжихааргүй байна. Хадмууд маань Баянхонгорын Өлзийт суманд, Нарийн гол гээд бүр хөдөө байдаг. Эрдэнэтэд ээж маань бий. Баянхонгороос наашлах замдаа Эрдэнэт орно гэхээр хоёр хоногт яагаад ч амжихгүй. Ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж тооцох эрх нь Засгийн газарт байгаа. Тэр эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах болов уу гэж найдаж байна. Гэхдээ аль болох эрт шийдвэрээ гаргасан бол хүмүүст их зүгээр байсан болов уу.
Ж.Золжаргал: Хөдөө орон нутаг явж амжихгүй. Шинийн 2, 3-нд боломжоороо хотын айлуудаар орчихно. Хангалттай амжина гэж бодож байна.
М.Нарантуяа-Нара: Амралтыг гурав хоног сунгачихад Монгол түмэн маань золголтоо хийгээд дуусчихна гэж бодож санал дэвшүүлсэн. “Энэ бид хоёр амралтаас өөр юм ярихгүй л дээ” гэж ч байгаа ч хүмүүс байна. Яг ямар шийдвэр гарна, түүгээр нь л явж дээ. Миний хувьд даваа гарагт Замын -Үүд явж хадмууддаа очиж золгоно.