
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн ням гарагт Киев хотод болон “Украин. 2024 он” чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын яаран санал болгосон Украины байгалийн нөөцийн тухай гэрээнд АНУ Украины зэвсэгт хүчинд оруулсан 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаасаа хэд дахин их хэмжээний мөнгийг Киевээс шаардсан байсныг онцолжээ.
Түүний хэлсэнээр Киевт үзүүлсэн тусламж нь АНУ-ын Конгресс болон АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байденаар батлагдсан ба энэ нь буцааж төлөх ёстой өр зээл гэхээсээ илүү буцалтгүй тусламж байсан хэмээн, “Украинчуудын 10 үеэрээ төлж барагдуулах гэрээнд гарын үсгээ зурахгүй.” гэжээ. В. Зеленскийн мэдэгдсэнээр Вашингтоны санал болгож буй гэрээнд ирээдүйд Киев АНУ-аас авсан 1 ам.долларын зэр зэвсгийн тусламжийн хариуд АНУ-д 100 хувийн хүүтэйгээр 2 ам.долларыг эргүүлэн төлөх ёстой ба АНУ-аас зэр зэвсгийн тусламж авдаг Израиль, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар гээд аль ч улсад Вашингтон ийм төрлийн нөхцөл тавьдаггүй аж.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч В. Зеленскийг “дарангуйлагч” хэмээн тодорхойлсон АНУ-ын Д. Трампад В. Зеленский гомдохгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр, “Би яагаад гомдох ёстой гэж? Дарангуйлагч хүн л дарангуйлагч гэдэг үгэнд гомдоно.” хэмээн , 2019 оны сонгуульд 73 хувийн саналаар ялалт байгуулсан гэдгээ онцолж, стратегийн түнш АНУ-тай нөхөрсөг харилцаатай байхыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
В.Зеленский Украины энхийн төлөө эсвэл НАТО-гийн гишүүнчлэлийн төлөө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухад бэлэн байгаагаа, төрийн эрхийг олон арван жилээр атгах хүсэлгүй байгаагаа мөн илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ болон ОХУ-ын төрийн дээд албан тушаалтнууд Украины асуудлаар Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод уулзсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч В. Зеленский Украины энхийн гэрээг Украин, Европын холбоо, Их Британи зэрэг стратегийн түншүүдийн оролцоогүйгээр байгуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.
Д. Трампын засаг захиргаа зэр зэвсгийн тусламжаа зогсоовол Украины арми олон улсын дэмжлэгийнхээ 20 хувийг алдах аж.
Эx Сурвалж: CNN.COM