
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Саудын Арабад ОХУ болон АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд Украины дайны асуудлаар уулзаж, ярилцах гэж буйтай холбоотойгоор Украины оролцоогүйгээр гаргасан энхийн ямар ч гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, хоёр орны төрийн тэргүүнүүд ОХУ-Украины дайныг дуусгах асуудлаар ойрын хугацаанд уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай байгаа дээр санал нийлсэн тухай мэдэгдсэн билээ.
Эр-Рияд хотод болох уулзалтанд АНУ-аас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Д. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц нар оролцох бол ОХУ-ын талаас Гадаад харилцааны сайд Сергей Лавров, В. Путины Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцох аж.
ТАСС агентлагийн мэдээлсэнээр Сергей Лавров Москва Украинд Крымийн хойг болон 2022 оны 9-р сард ОХУ-д нэгтгэсэн газар нутгийг эргүүлэн өгөхгүй гэдгийг онцлохын зэрэгцээ уг асуудлыг хэлэлцэх явдалд Европ оролцох шаардлагагүй гэжээ.
Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж буй Украины Ерөнхийлөгч В. Зеленский Саудын Арабад ирэх лхагва гарагт айлчлах ч түүний айлчлал ОХУ болон АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудын хийх уулзалттай ямар ч хамааралгүй гэдгийг онцолсон байна.
Түүний хэлсэнээр ирэх пүрэв гарагт АНУ-ын тусгай элч Кит Келлог Киевт айлчлах ба тэрээр В. Зеленскийн хамтаар фронтод очиж, Украины зэвсэгт хүчний командлагч Олександр Сирскийтэй уулзах аж.
Ерөнхийлөгч В. Зеленский ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээрт Украинаас гадна Европын холбооны төлөөлөл оролцох ёстой гэж үзэж байгаагаа ч онцолжээ.
Эx Сурвалж: Theguardian.com
Ene mal odoo boltol uuriiguu baatar geel bodoostoi yvaa ym baihdaa