
Амьдралд хүн хоббигоороо өөрийгөө хөглөж, эрч хүч, урам зориг, аз жаргал, кайфыг мэдэрдэг билээ. Хоббитой байж гэмээнэ амьдрал илүү утга учиртай, эерэг өнгө, гэрэл гэгээтэй байдаг болов уу.
Хүн бүр ямар нэгэн сонирхдог зүйлтэй, тэрийгээ хөгжүүлэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг. Тэгвэл спортын замналтай холбогдсон хэн ч болов дуртай зүйлээсээ гарч чаддаггүй.
Авто болон мото спорт тэр дундаа “Дакар ралли” бол олон орны эрчүүдийн хүсэл мөрөөдөл. Тиймдээ ч эр зориг, тэсвэр тэвчээрийн жинхэнэ тулаан тэнд л өрнөдөг. Бага байхаасаа л мото спортын удам дамжсан гэр бүлд өсөж торнисон бяцхан хүү хожмоо хүч бярын өндөр шалгуур “Дакар раллиу-д амжилттай финиш хийн, Монгол улсынхаа нэрийг дуурсгаад ирлээ. Тэр зоригт хөвүүн бол Мото спортын Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн. Дакарын тоос намжиж амжаагүй энэ үед түүнийг бид хүндэтгэн “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа зочноор урин ярилцлаа.
“Дакар ралли” бол эр зориг, хүч тэвчээрийн тулаан

-Сайн байна уу? Юуны өмнө “Дакар ралли”-д амжилттай финиш хийж дуусган, эх орныхоо нэрийг дуурсгасанд нь баяр хүргэе. Дакарын сонин хачнаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.
-Сайн байна уу? Баярлалаа. Цэнхэр дэлгэцийн ар талд үзэж суугаа одоо энийг сонсон суугаа бүх хүмүүст бас мэнд хүргэе. Мөн намайг дэмжсэн бас сар гарны хугацаанд надтай хамт, миний мөрөөдөлтэй хамтдаа байсан хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе ээ.
-Дакар ралли уралдаанд Монгол Улсаас 13 дахь, мотоциклын төрөлдөө яг 7 дахь тамирчин болж оролцсон байгаа. Дакар ралли бартаат замд явагддаг гэдгээрээ бас маш их тэсвэр тэвчээр зоригийг шаарддаг. Үүнд оролцоод ямар сэтгэгдэл төрөв?
-Анх 2019 оноос хойш ралли уралдаанд яг орж үзсэн. Өмнө нь дандаа “мото кросс” болон “эндуро баха” гэсэн төрлүүдээр уралддаг байсан. Хамгийн анх 2009 оноос хойш уралдаж эхэлсэн. Би хүүхэд байхаасаа ер нь уралдаж эхэлсэн. Ингээд хамгийн сүүлд энэ ралли гэдэг олон өдрийн уралдаанд оролцоод, энэ нь хамгийн багадаа 3 дээд тал нь 14 хоног болдог уралдаан. “Дакар ралли” хамгийн урт өдөр замд уралддаг бөгөөд өдөртөө хамгийн урт замыг туулдаг буюу 8 мянган км орчим тийм зам туулдаг.
Анх удаа дакарт хүчээ сорьсон. Сэтгэгдэл маш их өндөр байгаа.
-Дакарын уралдааны зам хатуу чанга, бартаа саад ихтэй. Элс, хад чулуу маш их, эвгүй замтай. 14 хоногийн туршид маш олон зүйл болсон. Долоо болон найм дахь өдрөөс эхлээд л ер нь дараачийн уралдаанаа бодож эхэлсэн. Энэ үеэс бие физиологи ч ер нь гайгүй дасаад нөгөө ментал талаасаа тархи толгой ч гэсэн ерөнхийдөө уралдаандаа дасаад ирсэн. Миний хувьд анх удаа тийм хүнд уралдаанд уралдаж үзсэн . Тэгээд хүнд нөхцөл болон хүнд халуун орчин тийм байгалийн бартаат газруудаар уралдсан учраас эхний хэдэн хоног бол маш хүнд байсан. Энэ жил Дакарыг сайхан амжилттай дуусгасан. Харин ирэх жилээс алдаан пээрээ илүү сайн суралцаад, жил бүр оролцох төлөвлөгөөтэй байгаа. Боломж бий гэж харсан.


П.Мөрөн: “Дакар ралли”-д боломж бий гэж харсан
-Тэгэхээр ирэх жилийн Дакарт илүү олуулаа багаараа оролцох төлөвлөгөөтэй иржээ дээ?
-Тийм. Ганцаараа биш багаараа орох сонирхолтой байгаа. 2-оос 3 хүн болдог бол хамт ороод уралдах хүсэлтэй байна. Манай ОУХМ гавьяат тамирчин Д.Болдбаатар ах 3 жил сайхан Дакар луу зодоглож уралдчихаад ирсэн. Тэгээд хамгийн сүүлд 45-д ороод, амжилттай сайхан бариагаа дуусгасан.
Миний зорилго бол нэгт финиш хий байлаа. Хоёрдугаарт ах нарынхаа амжилтыг ахиулах, 3гуравт амжилтын буухиаг нь таслалгүй үргэлжлүүлэх байсан. Дакар бол авто, мото спортын олимп хэмээн яригддаг. Тэнд 4 жил, бүр 7 жил оролцоод ч бариалж чадаагүй тамирчид хүртэл байсан. Тийм болохоор би бас өөрийгөө их азтай хүн гэж бодож сууна.
-Уралдаан эхлээд яг 7 дахь өдөр мотоциклд нь саатал гарч эвдэрсэн гэсэн. Энэ бол тамирчин хүнд маш хүнд хэцүү явдал?
-Яг 7 дахь өдөр мотоциклын саатал гарч, мотороо бүүр солих хэмжээний том гэмтэл гарсан. 400 гаран километр явах байсны талыг нь дуусгаж үлдсэнд нь ачиж яваад тэгээд авах ёстой байсан оноонууд болон цэгүүдийг аваагүйгээс болж торгууль авсан. Тэр нь 20 хэдэн цаг гэхээр нэлээн хойшоогоо орчихсон гэсэн үг л дээ. Ер нь 40, 30 хэд рүү орчихсон явж байсан тэгээд боломж байгаа гэдгийг харсан. Тэгээд дараагийн удаа алдаагаа багасгаж, илүү их хичээнэ гэж харсан.


-Энэ мото спорт чинь ер нь эрсдэлтэй шүү дээ. Ээжийн зүгээс бас ингээд зөвлөөд, хичээллүүлэх илүү дуртай байдаг уу, дургүй байдаг уу ер нь дэмждэг үү?
-Ээж бол багаас л байнга л ард байдаг байсан. Хоол унд бэлдэнэ, мөнгө төгрөг олж өгнө. Ээж тухайн үед худалдагч хийдэг байлаа. Тэгээд л хамаг мөнгөө л надад зориулдаг байсан. Одоо хүртэл байнга л дэмждэг. Ээж бид хоёр ер нь их дотно. Тэгээд аавдаа хэлэхээсээ илүү ээждээ хэлчихдэг. Эрэгтэй хүн ер нь тийм байдаг байх. Ямар сайндаа манай эхнэр за чи тэгээд ээждээ хэлчихвээ гэж дооглодог./инээв/
П.Мөрөн: Миний ээж хүсэл мөрөөдлийн минь зүгт хамтдаа түшиж яваа хүн


-Хүн ер нь ингээд холдоод ч юм уу, тэгээд гадагшаа тэмцээнд явахаараа л ойр дотны хүмүүсээ хамгийн их санаж эхэлдэг юм билээ. Сая Дакарт оролцохдоо маш их мэдэрлээ. Хүүхдээ санана, эхнэрээ, ээжийгээ санана, аавыгаа санана гээд л. Тэгээд л илүү хайртайгаа, тэгэж л холдож байж мэдэрдэг юм байна.
Дакарт оролцохын тулд эхлээд АНЭУ-ын Абу Дабид мото спортын ДАШТ-д оролцох ёстой болсон. Яг энэ үед мөнгө төгрөг, санхүү маш их хэрэгтэй болсон. Тэгсэн ээж олон жил хадгалсан мөнгөн хадгаламжаа гаргаж ирээд л, миний хүү мөрөөдлөө биелүүл гэж хэлээд надад өгсөн. Би, ээж ээ болох юмуу гэтэл зүгээрээ, миний хүүгийн хүсэл мөрөөдөлд нэг алхам ойртох том боломж байхад энэ мөнгөөр зардалаа тус нэмэр болгож хэрэглээрэй гээд өгсөн. Уул нь тэр хуримтлалаа гэр бүлдээ зарцуулах гэж байсан юм билээ. Тэр бүр ил байнга ээждээ хайртай гэж хэлээд байдаггүй ч, яг зөв цагтаа, зөв үедээ хэлвэл илүү үнэ цэнтэй байх болов уу гэж боддог доо.


Дакар илүү цахимж дижитал болсноороо онцлог байв
-Энэ жилийн Дакарын онцлог юу байв?
-Энэ жил Дакар нэг юм нь сонирхолтой нь цахилгаан буюу “ухаалаг цахим” дижитал хэлбэрт илүү шилжсэн байсан. Тэгэхээр нэг давуу тал нь ямар нэгэн байдлаар саатал гарвал, урд хянах дээр байгаа дээрээ дохио өгчихдөг. Тэгээд шөнө уралдааны замын зургаа уншиж үзэж болдог юм билээ.
Шөнө орой үдшээр элсэн манхан дундуур яваад л эхний 7 хоног тааварлаагүй маш хүнд нөхцөлд, хад чулуун дундуур уралдсан. Гэхдээ надад бол хад чулуу нь арай илүү ойрхон байсан. Яагаад гэвэл Монголд уралдахад зам бартааны хувьд ялгаагүй ойролцоо байдаг. Хамгийн хэцүү нь урт урт үзүүртэй, 10см-ийн урт урт үзүүртэй өргөстэй моднууд уралдааны замд эхний 7 хоногт тасралтгүй тааралдсаж байлаа. Миний гараар дүүрэн сорви бий. Оройдоо очоод л гарт шигдсэн өргөснүүдээ түүлгэдэг байсан. Уралдааны зам руу бид нар дээр яагаад ч машин ирэх боломжгүй. Дакарын замд уралдаж буй тамирчныг аврах ганц арга бол нисдэг тэрэг байдаг. Тамирчдыг 7-8 нисдэг тэрэг уралдааны туршид дагаж явдаг.


-Уралдааны замд яг 7 дахь хоног дээр мотцикл нь эвдэрчихсэн гэсэн. Техникийн асуудал бол маш хүнд. Тэр тусмаа цаг минут, мөч бүртэй уралдаж буй тамирчин хүнд маш хэцүү байх?
-Яг 7 дахь өдөр миний мотоцикл эвдэрсэн. Би гадагшаа уралдаанд явахаараа тэр бүр аавтайгаа яриад байдаггүй. Тэгээд мотоцикл эвдэрчхээд ерөөсөө миний мэдэхгүй нөгөө хропны асуудал болчхоод хүмүүс рүү залгасан чинь тэд авдаггүй, манай багийнхан маань ч утсаа авдаггүй. Тэгээд нэг сүлжээтэй газар олж, манхан дээр зогсож байгаад аав руу залгаад тэгсэн чинь авч байна.


Тэгсэн чинь аав өөдөөс яасан бэ яасан гээд л орилоод л, цаадах чинь яг намайг яг нэг залгахаар аймаар айдаг гэсэн. /инээв/ За нэг л юм болсон гээд л чи өөрөө зүгээр үү гээд л өөдөөс ингээд л орилоод л аймаар санаа зовчихсон ярьсан. Манйхан ялат ч үгүй ч сая 14 хоногийн турш ерөөсөө ажлаа хийж чадаагүй гэсэн. Байнгын нөгөө лайвыг нь үзээд л, хаана явж байна гээд л, нөгөө транкингийг нь ингээд хаагуур явж байгааг нь хараад явж байдаг. Тэгээд лайв гацангуут л энд зүгээр галзуурдаг гэсэн. Ажлынхан маань ч ажлаа хийж чадаагүй гэж ярьсан.


Дакарт финиш хийнэ гэдэг нь зориг тэвчээр, цус, хөлс, нулимс
ер нь бүх зүйл
-Дакарт оролцох нэр төрийн хэрэг. Хамгийн гол нь финиш хийж тэр олон өдрийн уралдаанд зориг тэвчээр, бэлтгэлийн үр шимээ харуулна гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж байх?
-Биеэрээ тэрийг үзэх юм бол үнэхээр гайхалтай, онцгой мэдрэмж. Финишийг би цус мах, одоо юу гэдэг юм нулимс, зориг тэвчээр, дээд цэгт нь тамирчны шандсыг сорьсон том шалгуур гэж хэлнэ. Одоо бүх юмаа гаргаж байж л авсан. Тэгэхээр надад тэр финиш медаль бол маш их үнэ цэнтэй байсан.
100 мянган евро хүртэл би төлбөр төлж, Дакарт оролцож байгаа. Тэр олон хүний хүч хөдөлмөр, байгууллагуудын дэмжлэгээр ингэж авч байгаа. Тэгээд надад бол бүүр аймаар их үнэ цэнтэй байсан. Хамгийн онцгой гайхамшигтай медаль авсан. Тэгээд монгол хувцастайгаа гарсан нь өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрсөн басхүү онцлог байлаа. Надад тусалж дэмжсэн ивээн тэтгэгчид, ажлын хамт олон аав, ээж, эхнэр, хүү гэр бүл мөн найз нөхөд, танил тал, хамаатан садан бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Мөн намайг үргэлж дэмжиж, хурцалж байдаг Монголчууддаа талархаж явдгаа илэрхийлье.


Дакарт уралдаж нэг том мөрөөдлөө биелүүлсэн. Одоо илүү томоор мөрөөдөх хэрэгтэй болов уу
-Бага нас нь авто болон мото спортын ертөнц дунд өнгөрсөн гэж сонссон. Мэдээж гэр бүлийн спортлог нөлөөлөл маш том түлхэц болсон байх?
-Манай аав, өвөө бүгд л мотоциклоо засдаг тэгээд л унадаг, ер нь их техниктэй ойрхон хүмүүс. Би чинь ер нь багаасаа л анх Чингэлтэйд өссөн. Тэгээд тэнд анх авто мотоциклын засвар хийдэг байсан манай аав, ах нар тэгээд л тэрнээс авхуулаад л ер нь хөлд ороод л намайг мотоцикл дээр суулгаад л сүүлдээ өөрөө унадаг болсон. Ингээд л уралдана гэсэн мөрөөдөлтэй болоод уралдаад л тэгээд мотоциклтой болмоор байсан. Тэгээд аав ээж маань мөрөөдлийг маань ойлгоод спортдоо оруулаад тэгээд явсан. Дээрээс нь том том Азийн аваргын тэмцээнүүдэд орно гэсэн мөрөөдөлтэй байсан ардаас нь биелсэн тэгээд дээрээс нь дэлхийн аваргад орох одоо хүсэл мөрөөдөлтэй байсан бас биелсэн. Тэгээд хамгийн эцсийн зорилго бас Дакар байсан. Тэгээд Дакарт орчихлоо. Одоо тэгээд дахиад бүүр том мөрөөдөх хэрэгтэй. Одоо одоо олон удаа явах дээрээс нь багаараа тэгээд бүүр урагшлах гэсэн одоо боломжуудыг олж харсан болохоор одоо илүү их хичээнэ л гэж бодож байна.


-Хамгийн анхны тэмцээн, анхны медаль нь юу байв?
-Би хамгийн анхны мотоцикл нь анх нэг 6 настайгаасаа л анх анхны мотоцикл л унаж үзэж байсан тийм 4 дугуйтай мотоцикл хамгийн анх унаж үзэж байсан. Тэгээд уралдаж байсан нь болохоор 2009 оноос хойш уралдаад тэр үед бол нэг Кавасаки 85 бараг надтай ч 1997 оны тийм хөгшин 85 унаад клубээс одоо батлан хамгаалах туслах нийгэмлэг гэж байдаг байсан. Гурвалжингийн гүүрний тэнд одоо мотоциклынхон хамаарагддаг. Тэгээд тэндээс надад мотоцикл гаргаж өгөөд тэгээд уралдаж байсан. Тэгээд тухайн мотоцикл маань яах вэ нэлээн муу байсан л даа. 1997 оны мотоцикл гэхээр тэгээд л ер нь ингээд юм хум эвдрээд тос ус гоожоод ерөөсөө болдоггүй байсан. Тэгээд ээж аав хоёр дэмжээд, яаж ийж байгаад нэг мотоцикл авч өгье гэсээр байгаад нэг найзаасаа зээлээд зээлэн барин байж нэг анх мотоцикл авч өгсөн. Тэгээд л бөөн баяр болоод л анхныхаа уралдаануудад ороод л. Би чинь анхны хэдэн жил бас нэг тийм амжилттай яваагүй ээ. Тэгээд л дунд нь унаж бэртэх ч юм уу эс үгүй бол ямар ч байсан нэг амжилттай дуусгаад л, дуусгах гээд л явдаг байсан. Тэгээд тэр дунд яах вэ нөгөө бэлтгэлээ сайн хийгээд таслаагүй л дээ. Муу явж байсан ч гэсэн тэрнийхээ ачаар шагналт байранд анх 2011 онд орж, 3 дугаар байранд ороод 40 мянган төгрөг аваад л тэр үед чинь бас их мөнгө байсан. Маш гоё мэдрэжм юм билээ. Аав ээждээ ирээд яриад л бахархуулаад тэр бол маш сайхан дурсамж.


-Нээрээ Дакарт 141 дугаартай уралдсан байсан. Дугаарыг тамирчид хэрхэн авдаг вэ? Мөн хувцасны өнгийг өөрсдөө сонгодог уу?
-Би 141 дугаартай уралдсан. Тэгтэл уралдааны дараа ер нь их азтай тоо гэж харсан. Яг уралдахын өмнө манай найз бас явуулсан л даа. Сонирхолтой. Нөгөө нэг жилийн ийм нэг зурхай шиг юм байдаг шүү дээ. За энэ жилийн нэг тийм тийм сайн өнгө ч юм уу сайн тоо гээд л. Тэгсэн чинь миний сайн тоо 141 байсан. Дараа нь бодохнээ бас бэлгэшээлтэй санагдсан.
Энэ дугаарыг би ерөөсөө сугалж биш цаанаасаа дэлхийн холбооноос оролцож буй тамирчдад өгдөг. Тэгээд хэрвээ энийгээ ингээд сайжруулаад жил болгон гарсан дүнгээрээ буюу эцсийн финиш хийсэн байрны дүнгээрээ ингээд сайжраад явдаг байгаа. Ирэх жил би финиш хийсэн дугаараараа 8 дугаартай уралдах байх. Мөн миний хувцасны өнгө цагаан байсан. Ер нь л дугаар ч тэр, өмссөн хувцасны өнгө ч тэр маш гоё ээлтэй байсан даа.
-Мото спортгүйгээр өөрийгөө төсөөлж үзсэн үү?
-Би хэзээ ч энэ спортгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Бэртэл гэмтлээс шалтгаалан хэсэг хөндийрч үзсэн. Ёстой хэцүү юм билээ. Тэгээд дахиад л мото спортдоо эргээд ирчихсэн.
Би каскаа өмсөөд, мотоцикл дээрээ суухаар бүр шал өөр хүн болчихдог. Нэг тийм гоё, эерэг эрч хүч, кайфтай мэдрэмж аваад л. Үгээр төсөөлж хэлэхийн аргагүй маш гоё онцгой, содон мэдрэмж авдаг даа.


Сая “Дакар ралли”-д оролцох үеэрээ гэр бүлээ ямар их үнэ цэнтэйг мэдэрсэн.
Хүүгээ л хамгийн ихээр санасан даа. Мөн ээжийнхээ чатаар бичсэн миний хүү чаднаа, хайртай шүү гэж хэлсэн үг илүү урам зориг оруулж байлаа. Бүх л цаг үед ард минь байдаг аав, ээж, гэргий, хүүдээ маш их баярлаж явдаг. Хайртай гэдгээ дахин дахин хэлье.
Ярилцсанд баярлалаа.


Мото спортын Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийтдээ:
20 гаруй жилийн турш 80-аад тэмцээнд оролцжээ. Нийт оролцон тэмцээн уралдаанаас 45 алт, 19 мөнгө, 7 хүрэл медаль зүүсэн.
46 жилийн түүхтэй “Дакар ралли-2025” уралдаанд ОУХМ П.Мөрөн 78 дугаар байрт финиш хийж амжилттай уралдааны замаа өндөрлүүлсэн. Тэрбээр 14 хоногийн хугацаанд нийт 8000км замыг туулав.

