Дотоодын чансаа тогтоох насанд хүрэгчдийн жүдо бөхийн “Топ-6” цуврал тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 2025 оны улсын аваргын медальтнуудаас гадна шинэ залуу тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд 25 байгууллагын 84 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд зодоглож байгаа юм.
Ингээд тэмцээний үеэр зарим жүдочтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
Ё.Басхүү: Жүдо бөхөө орхивол хоббигоороо сагсан бөмбөгийн клуб нээнэ
Олимп, дэлхийн аваргад тогтмол оролцож, Монгол улсын нэрийг гаргадаг Ё.Басхүү энэ жил 31 насандаа анх удаагаа улсын аварга болсон билээ.
МУГТ, Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга Ё.Басхүү
-Сайн байна уу? 2025 оны эхэн үед улсын аваргын татамидаа зодоглон түрүүлсэн. Энэ оны гараагаа амжилтаар дүүрэн эхлүүллээ?
-Би 9 жил барилдсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль авсан байсан.
2025 оны эхлэлдээ сайхан улсын аваргадаа оролцож, түрүүлэн хүмүүс хүсэн хүлээж байсан амжилтыг харуулсан гээд л тэд надад зөндөө хэлсэн. Өөрөө ч бас маш их баяртай байна. Улсынхаа аварга болсондоо маш их баяртай байна.
Цаашдынхаа тэмцээндээ маш их хичээж, барилдана даа л гэж хэлье дээ.
-“Топ-6” тэмцээн дотоодын чансаа тогтоох том өрсөлдөөн. Энэ тэмцээний тухайд?
-“Топ-6” тэмцээн маань их сайхан зохион байгуулж, явагдаж байна. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид тэмцээнээс тэмцээний хооронд сайжрах, цаашдаа Олон улс руу гарч барилдахад байнгын тэмцээн ойрхон болж буй учраас тамирчдад өгөөжөө өгдөг. Иймдээ ч өөр өөрсдийнхөө алдаан дээр ажиллахад боломжийг олгодог. Манай холбооныхон, Ерөнхийлөгч зөв тэмцээн зохиож байгаа гэж бодож байна.
-Энэ оноос дараагийн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын цикл эхэлж байна? Таны хувьд шинэ сорилтууд ирж буй байх?
-2028 оны циклд одоо тэгээд л барилдана даа. Ямар ч байсан улсын аваргадаа түрүүлсэн. Бэлтгэл сургуулилтаа сайтар базаан гэж бодож байгаа.
-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?
-Номыг бас хааяа, хааяа бие засах өрөөн дотор барьж авнаа авна. Нэг их удаан биш. Тэгээд хааяа хааяа номын дуу сонсож байгаа.
-Жүдо бөхөөс дараагийн өөр төлөвлөгөөг сонирхоё? Хэзээ комедиан болох гэж байна. Хошин шог руу орох бодол бий юу? Өөрийн тань хувьд их л алиа хошин хүн.
-Хошин шог руу удахгүй орноо. Барилдаж дууссаныхаа дараа төлөвлөсөн зүйлүүд их бий. Хошин шог руу орчихож магадгүй./инээв/
-Өөрийн таны хобби жүдо бөхөөс өөр үү?
-Би өөрөө сагсан бөмбөг тоглох дуртай. Найзынхаа нэг багт байгаа. Нөгөө “Хөгжлийн лиг”-ийн багт бий.
-Хөгжлийн лиг нээрээ нэлээд амжилттай явж байгаа?
-Тийм. Манай баг 8 хожоод, 3-4 хожигдсон байсан. Би гэхдээ багтаа тоглож амжихгүй л байна. Тэмцээн уралдаантай байгаад байна. Барилдахаа больсныхоо дараа клуб нээнэ. Өөрөө жүдогоос өөр зүйл сонирхдог. Тэрийгээ бас явуулна гэж бодож байгаа.
Сагсан бөмбөгт маш сонирхолтой. Тоглохдоо сайн биш хэрнээ маш их сонирхдог. Ер нь энэ UG аренад ирж байнга сагсны лиг үздэг.
-Энэ жилийн “Бүх Одод”-ын тоглолтонд дуудагдсан уу?
-Дуудагдаагүй.
-Яагаад Басхүүг тоож дуудсангүй вэ?
-Мэдэхгүй ээ, би чинь тийм аймаар од хүн биш болохоор тэр байх./инээв/
Жүдо бөхийн ОУХМ Б.Гончигсүрэн: Энэ оны 6 дугаар сард гадагшаа тэмцээнд оролцоно
“Топ-6”-д +100 кг-ийн жинд барилдаж байгаа. Гадагшаа 4-5 сард тэмцээнд явах бодол бий. Тэгээд эдгээр тэмцээндээ оролцоод оноогоо цуглуулаад явна даа гэж бодож байна. Гоё л байна. Сар бүр “Топ-6” гээд тэмцээн зохион байгуулж байна. Бас жүдогийн хөгжилд нэмэртэй юм боловуу. Тамирчид илүү сайжирна. Дотоодын өрсөлдөөнд их оролцвол гадагшаа сайн барилдах юм даа.
Жүдо бөхийн ОУХМ Г.Наранцэцэг: Дотоодын энэ тэмцээнд тамирчид чухал ач холбогдол өгдөг
Ер нь дотооддоо энэ тэмцээнд нэлээд ач холбогдол өгч тамирчид оролцдог. Тэгээд бас барилдааны хувьд ч үр өгөөжөө өгөөд их сайхан болж байгаа. -Наранцэцэгийн хувьд энэ оны төлөвлөгөө? Энэ оны төлөвлөгөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцоно. Дэлхийн аваргын тэмцээний татамигаас медаль авахыг л зорьж байгаа даа.
Жүдо бөхийн ОУХМ Э.Ариунболд: “Топ-6“ тэмцээнээс ирэх зургаадугаар сард болох ДАШТ-д өрсөлдөх тамирчид тодорно
Топ-6” ер нь бид нарын хувьд маш чухал тэмцээн. “Топ-6” нэгдүгээрт дотоодын чансаа, хоёрдугаарт энэ тэмцээний барилдаан гэдэг зүйлийг шигшээ баг болон чансаа өндөр явж буй тамирчдын дунд ийм өрсөлдөөнтэй болдог. Нэг ялагдаад л шууд ингээд татдаг болбол энэ яг тойргийн барилдаан учраас нэг ялагдсн ч гэсэн ахиад дараа дараагийн даваанд ялаад эхний гурван байр руу орох ийм боломжтой. Ийм учраас энэ тэмцээн бол маш чухал. Тэмцээний барилдааны бэлтгэл болгож, дээрээс нь давхар мөнгөн шагналтай учраас энэ тэмцээн таалагдаж байгаа. Олимпын дараа хэсэг амралтын байдалтай буюу сэргэлтийн байдалтай байна. Ерөнхийдөө формондоо орж амжаагүй байсан. Харин одоо сүүлийн үед бэлтгэл сургуулилт жигдрээд ер нь гайгүй болж байна. Одоо 6 дугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод болох товтой байгаа. Тэгээд тэр тэмцээнд зорьж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Спорт бол угаасаа өрсөлдөөн учраас жингийнхээ дүү нартайгаа өрсөлдөөд, тэгээд сайхан шударга өрсөлдөөд хэн сайн байгаа нь дэлхийн аваргадаа оролцоно. Одоохондоо бол уралдаад явж байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.