Оюу толгойн ажилтнууд эх орондоо хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглан ур чадвараа хөгжүүлж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байна. “Оюу толгой” компани одоогоор 100 ажлын байр шинээр зарласан бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой ирдэг түгээмэл асуултуудын талаар мэдээлэл хүргэж байна.
1.“Оюу толгой”-д ажилд оруулж өгнө, тусална гэх хүмүүс найдвартай юу?
Бид ажилтан сонгон шалгаруулахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй. “Оюу толгой” компанид ажилд ороход тусална гэсэн залиланд өртөж мөнгө, цаг хугацаагаараа хохирохоос сэргийлээрэй. “Оюу толгой”-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэг төлбөр, хураамж байхгүй болно.
2.“Оюу толгой”-д ажилладаг танил талтай бол давуу тал болох уу?
“Оюу толгой”-д ажилд ороход танил тал шаардлагагүй бөгөөд давуу тал болохгүй.
3.“Оюу толгой”-н нээлттэй ажлын байрны талаар хаанаас мэдэж, хаана өргөдөл гаргаж болох вэ?
Нээлттэй ажлын байрны зарууд “Оюу толгой” компанийн цахим хуудсанд болон Facebook, Instagram болон Twitter хаягууд дээр нийтлэгддэг. Мөн цөөн тооны ажлын зар Lambda.global, www.zangia.mn болон Оюу толгойн LinkedIn хуудсанд тавигддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ot.mn/mn/careers/vacancies холбоосоор нэвтэрч уншина уу.
4.Ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл бичихэд юуг анхаарах вэ?
Хэрэв таны ур чадвар, туршлага ажлын байрны шаардлагад нийцэж байвал товч намтар, ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлөө монгол, англи хэлээр бэлдэх хэрэгтэй. Ямар ч сонгон шалгаруулалтын үед эхлээд дээрх 2 материалтай танилцдаг. Тиймээс өргөдөл нь ажлын байрны шаардлагыг хангасан, CV буюу товч намтар нь эмх цэгцтэй байхаас эхэлнэ. Эдгээр нь анхны сэтгэгдэл төрүүлэх мэдээлэл учраас цаг гарган бэлдэхийг зөвлөж байна.
5.Материалаа илгээснээс хойш хэр хугацааны дараа эргэж холбогдох вэ?
Өргөдөл илгээснээс хойш дунджаар 14-30 хоногийн дотор дараагийн шатанд тэнцсэн эсвэл тэнцээгүй тухай имэйлээр мэдэгддэг.
6.Би “Оюу толгой” компанид 3 удаа ажилд орох өргөдөл өгөөд тэнцээгүй. Дахиж өгөх хэрэг байна уу?
Та өөрийн ур чадварт нийцсэн хэдэн ч ажлын байранд өргөдөл илгээх боломжтой. Өмнөх тохиолдлуудад таныг зөвхөн тухайн ажлын байранд тохирохгүй гэж үзээд ярилцлагад дуудаагүй байж болно. Харин өмнө нь илгээсэн материалаа эргэн нэг харж, сонирхож байгаа ажлын байрандаа тохируулж өргөдлөө шинэчлэн мэдээллээ оруулаарай.
7.Сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?
“Оюу толгой” компани бүх ажлын байрандаа сонгон шалгаруулалт хийдэг. Ингэхдээ хүн бүрд тэгш боломж олгож, олон талаас нь нээн, тухайн хүнийг таньж мэдэх боломжийг бүрдүүлэн, шалгаруулалтаа зохион байгуулдаг.
Сонгон шалгаруулалт нь ажлын байрны онцлогоос шалтгаалаад ярилцлага, тест, багийн ажил зэрэг олон төрлийн хэлбэрүүдээр хийгдэж болно. Техникийн ур чадварын шалгалт болон хандлагын ярилцлага авах ажлын байрууд ч бий.
Сонгон шалгаруулалтын үйл явц:
- Тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу өргөдлийн шүүлт хийнэ;
- Эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг ярилцлагад урина;
- Тухайн ажлын байрны онцлогоос хамаарч ур чадварын шалгалт авна.
8.Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөмж
Мэдээллийг зөв эх сурвалжаас хайж, өөрт тохирсон ажлын байраа сайтар судлах хэрэгтэй. Өөрт таарах, сонирхсон ажлын байр, хөтөлбөрөө олж мэдсэн бол тухайн ажлын байрандаа өргөдөл гаргахад заавал цаг гаргаж бэлдээрэй.
9.Ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?
Ажиллахыг хүсэж буй компаниа сайтар судалж, ерөнхий ойлголттой байвал давуу тал болно. Мөн тухайн ажил мэргэжил, салбарынхаа талаар олон улсын мэдээллийг ч судалдаг байгаарай. Мэдээж зөөлөн ур чадваруудад суралцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь чухал юм.
Хэрэв танд нэмэлт асуулт байвал [email protected] хаягаар “Оюу толгой” компанийн Хүний нөөц бүрдүүлэлтийн багтай холбогдоно уу. Харин ажилд орох өргөдлийг Оюу толгойн хүний нөөц бүрдүүлэлтийн системээр буюу зөвхөн www.ot.mn/mn/careers/vacancies цахим хаягаар илгээдэг болохыг анхаарна уу. Мөн шинээр зарласан ажлын байрны мэдээллийг тус хаягаас аваарай.