Төрийн ордонд Утааны сонсгол болж байна. Энэ үеэр шинжээч мэдээлэл өглөө. Тэрбээр аудитын зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлээгүй жишээнүүдийг танилцууллаа.
Жишээ нэг. Зам тээврийн хөгжлийн яаманд /хуучин нэрээр/ агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дутуу байхад олгосон 3.0 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй.
Жишээ хоёр. Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитаар Ерөнхий сайдад хүргүүлсэн хоёр зөвлөмж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргад хоёр албан шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Үндэсний аудитын газар Ерөнхий сайд хийгээд, Байгаль орчны сайд тэргүүтэй хүмүүст ямар зөвлөмж, шаардлага хүргүүлж байсныг нь шинжээч танилцуулсангүй. Гэвч логикоороо агаарын бохирдлыг бууруулахад төсвийн мөнгийг буруу зарцуулсан, үр ашиггүй зүйлд үрж буйд нь зөвлөмж, шаардлага хүргүүлсэн байж мэдэх. Хамгийн анхаарууштай нь Үндэсний аудитын газрын өгсөн зөвлөмж, шаардлагыг ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ гэж байгаа юм.
2017-2020 онд гэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байсан үе. Харин БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат ажиллаж байв. Түүнээс 2020 оны долоодугаар сард Д.Сарангэрэл тамга тэмдгийг нь гардаж авсан байдаг. Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар 2020 онд ямартай ч Б.Алтанзул гэж хүн ажиллаж байсан. Тэгэхээр дээр нэр дурдагдсан хүмүүс Үндэсний аудитын газрын өгсөн зөвлөмж, шаардлагыг биелүүлэлгүй, “чихгүй толгойлжээ”.