Америкийн мэдээллийн Axios сайтад бичсэнээр АНУ-ын эрх баригчид Конгресст ажилладаг хүмүүст Хятадын DeepSeek компанийн хиймэл оюун ухааныг ашиглахыг хоригложээ.
Тус сайтын мэдээлсэнээр өнөөдрийн байдлаар DeepSeek чатботыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд ашиглахыг албан ёсоор зөвшөөрөгүй бөгөөд DeepSeek чатботыг ашиглаж, компьютерын программ хангамж,үйлдлийн системийг гэмтээх вирус тараах, компьютер дээрх хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах тохиолдлууд гарсан гэдгийг онцолжээ. Иймээс Конгрессд ажилладаг хүмүүст ажлынхаа компьютер, утас, таблет зэрэг дээр DeepSeek чатботыг суулгахыг хоригложээ.
Италийн дата аюулгүй байдлын алба дэлхийн технологийн салбарт шуугиан тариад буй Хятадын DeepSeek чатботыг хөгжүүлэгчид Италийн эрх баригчдад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг тухай мэдээлэл өгөөгүй гэсэн үндэслэлээр тус аппликэйшнд хориг тавьжээ. Ингэснээр Apple компанийн Итали дахь App Store болон Google-ээс DeepSeek аппликэйшнийг татан авах боломжгүй болсон байна.
Италийн эрх баригчид DeepSeek компаниас хэрэглэгчдийн хувийн ямар мэдээллийг, ямар эх сурвалжаас, ямар зорилгоор цуглуулдаг болох мөн эдгээр дата нь БНХАУ-д хадгалагддаг эсэх талаар мэдээлэл өгөхийг хүссэн ба DeepSeek компаниас өгсөн мэдээллийг хангалтгүй гэж үзжээ.