Эх нярай эмэгтэйчүүдийн төв II-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т. Хаш-Эрдэнэ:
-Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчний тохиолдол маань амь тэмцсэн байдалтай байж байгаад өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тэвээрлэгдэн ирсэн. Өнөөдөр хүнд хэвээр байж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо.
Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол ирээд лабораторийн шинжилгээний дүн гарч байна гэв.
Энэ сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт менингококк халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа хамгийн ойрын хавьтал болох зургаан хүнээс салст, залгиурын шинжилгээ авахад “Сөрөг” хариу гарсан гэж холбогдох албаныхан мэдээллээд байна.
Менингококкт халдварын үүсгэгч нь маш хоруу чанартай байдаг. Өвчилсөн хүний доод мөчдөөс эхлэн тууралт маш хурдацтай явагдаж, түргэн хугацаанд хүндэрдэг аюултай. Мөн халуурахдаа цонхийж цайн өндөр хэмээр халуурдаг. Тууралт нь эхлээд усархаг байж байгаад идээт үрэвсэл хэлбэрт маш хурдан шилждэг ажээ.
Вирусын халдвартай тууралтат өвчлөлөөс илүү аюултай, хурдан үхэлд хүргэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Иймд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон эцэг, эхчүүдийг бага насны хүүхдэдээ анхаарал халамж сайтар тавихын зэрэгцээ бүтэн биеийн үзлэг хийхийг зөвлөлөө.