ХАМАС Израилийн 3, Тайландын 5 иргэнийг суллажээ
Палестины ХАМАС бүлэглэл барьцаанд байсан 8 хүнийг суллажээ. ХАМАС бүлэглэл израилийн галаа зогсоох гэрээний дагуу израилийн 3 иргэнийг мөн Тайландын засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу тайландын 5 иргэнийг суллаж, Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн бол Израилийн тал палестины 110 хоригдлыг сулласан байна.
Эдгээр хоригдлуудын 32 нь израилийн шоронд бүх насаар хорих ял эдэлж байсан бол 30 нь насанд хүрээгүй хүүхдүүд аж. Галаа зогсоох гэрээ энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэнээс хойш ХАМАС бүлэглэл нийт 15 барьцааны хүнийг суллаад байгаа юм. Энэ удаад суллагдсан тайландын 5 иргэн нь 2023 оны 10-р сарын 7-ны халдлагын үеэр барьцаалагджээ. Тайландын Ерөнхий сайд Пэтонгтарн Шинаватра улсынх нь иргэд суллагдсан явдалд баяртай байгаагаа илэрхийлж, барьцаанд олон сар болсон иргэдээ гэр бүлийнхэнтэй нь аль болох ойрын хугацаанд уулзуулах тал дээр Израилийн засгийн газартай хамтран ажиллаж байгаа гэжээ. Тайландын эрх баригчдын мэдээлсэнээр ХАМАС бүлэглэл Израильд явуулсан халдлагынхаа үеэр Тайландын 31 иргэнийг барьцаалж, 39 иргэний амийг хөнөөжээ.
2023 оны 11-р сард ХАМАС барьцаанд авсан Тайланд улсын иргэдийн дийлэнхийг нь сулласан юм. Барьцаанд үлдсэн 8 тайландын 2 нь амиа алдаж, 5 нь суллагдсанаар ХАМАС бүлэглэлийн барьцаанд Тайландын 1 иргэн үлдэж байгаа аж. ХАМАС бүлэглэлийн барьцаалсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг Тайланд улсын иргэд эзэлж байсан юм. Тэдгээр нь Израиль улсад ферм дээр ажиллаж байсан цагаачид бөгөөд Израиль улсад Тайландын нийт 30 мянга орчим цагаачид хөдөө аж ахуйн салбарт ажилладаг ажээ.