Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар технологийн салбарт авьяас мэдлэгээрээ тэргүүлэгч залууст тэтгэлэг, урамшуулал олгож, их сургуулиудыг технологийн компаниудтай хамтран ажиллах явдлыг хөхүүлэн дэмжсээр иржээ. 2017 онд нээлтээ хийсэн.
Хиймэл Оюун Ухааныг Судлах Үндэсний Лаборатори болон Хятадын засгийн газраас гаргасан технологийн салбарын бусад санаачлагууд нь хиймэл оюун ухааны олон мянган мэргэжилтнүүдийг бэлдэж гаргахад чухал нөлөө үзүүлжээ. Олон улсын технологийн салбарт шуугиан тариад буй Хятадын DeepSeek компанийн хувьд 140 хүрэхгүй ажилтантай бөгөөд тэдгээрийн дийлэнх нь Хятадын шилдэг их сургуулиудын төгсөгчид аж.
Хятадын томоохон их сургуулиудаас хиймэл оюун ухааны олон тооны залуу мэргэжилтнүүд төрөн гарч байгаа ба Хятадын технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн үеэр төрж өссөн тэдгээр мэргэжилтнүүд нь бусдаас хараат бус байж, шинэлэг зүйл турших эрмэлзэлтэй гэдгийг олон улсын ажиглагчид онцолж байна.
DeepSeek компанийн үүсгэн байгуулагч 40 настай Лян Вэньфэн нь Хятадын Жэжянь их сургуульд хиймэл оюун ухаан судалж байсан ба тэрээр DeepSeek чатботын үндсэн кодыг бүгдэд нээлттэй хэвээр байлгахыг зорьж байгаа нь залуу мэргэжилтнүүд, старт-апуудад туслах зорилготой аж.
Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид Лян Вэньфэнийг өмнөд зүгийн Гуандун мужаас гаралтай “Хиймэл оюун ухааны 3 баатар”-ын нэгээр нэрлэжээ. Эдгээр 3 баатрын нэг нь Бээжингийн Цинхуа их сургуулийн тэргүүлэгч мэргэжилтэн Жилин Ян, гурав дахь нь Массачусетсийн Технологийн их сургуульд багшилдаг Кайминг Хи аж. АНУ дэлхийд чип үйлдвэрлэлээ тэргүүлэгч компаниудад БНХАУ-д чип нийлүүлэхийг хориглосон нь Бээжингийн хувьд том цохилт болсон нь гарцаагүй юм.
Энгийн асуултуудад хариулахаас эхлээд математикийн ээдрээтэй бодлогуудыг бодож шийдлийг нь гаргаж өгөх чадалтай хүчирхэг хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тэдгээр чипүүд нь чухал ач холбогдолтой юм. Эдийн засгаараа дэлхийд хоёрт жагсдаг БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины батерей, нарны зай хураагуур, хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн билээ. Хятадыг технологийн салбарт тэргүүлэгч болгох нь Ерөнхийлөгч Си Жиньпиний нэн тэргүүнд тавьсан зорилтуудын нэг гарцаагүй мөн.
DeepSeek компанийн чатбот нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр буюу 1-р сарын 20-нд нээлтээ хийсэн нь ч учиртай хэмээн хиймэл оюун ухааны мэргэжилтэн Грегори Си Аллен онцолжээ. DeepSeek компанийг үүсгэн байгуулагч Лян Вэньфэн Вашингтон Хятад руу өндөр хүчин чадалтай чип нийлүүлэхийг хориглосон явдал нь хиймэл оюун ухаанаа хөгжүүлэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл байсныг онцолжээ.
Америкийн Массачусетсийн технологийн их сургуулийн Technology Review сэтгүүл АНУ-ын хориг хэрэгжихээс өмнө DeepSeek компани Nvidia компанийн үйлдвэрлэсэн A100 чипнээс 10 000- 50 000 орчмыг худалдан авч, нөөцөлсөн гэж бичжээ. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч барууны том компаниуд нэг бүтээгдэхүүндээ дунджаар 16 мянган өндөр хүчин чадалтай чип ашигладаг бол DeepSeek компани хиймэл оюун ухааны загвартаа өндөр хүчин чадалтай чип 2000-ыг ашиглаж, үлдсэнийг нь бага хүчин чадалтай чипээр орлуулсан нь барууны компаниудтай харьцуулахад асар хямд зардал гаргахад нь нөлөөлжээ.
АНУ-ын чип экспортын хориг нь Хятадын технологийн компаниуд, тэдгээрийн мэргэжилтнүүдийг шинэлэг санаа гаргахад хүргэсэн хэмээн ажиглагчид үзэж байна.