УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн өдөр л ээлжит бус чуулган зарлах нь ээ гэсэн “аман тов”-ын УИХ-ын гишүүд ярьж эхэлсэн. Учир нь ээлжит бус чуулганаар цаг хугацааны хувьд хүлээлттэй болон яаралтай хэлэлцэн батлах асуудлууд байгаа юм.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татах үндэслэл бий ч Дээд шүүхийн шийдвэрийн албажих хугацааг хүлээж буй. Энэ хугацаа нь хуульд 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулна, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж болно гэж заасан бөгөөд хоёрдахь 30 хоногийн хугацаа ирэх сарын 15-д дуусах юм. Тиймээс ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэх учиртай.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сар, Үндэсний баяр наадмаар 7-10 хоног амардаг болох хуулийн судалгааг лхагва гараг буюу маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулна гэж мэдэгдсэн. Хэрвээ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болбол ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай.
Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт тогтоол хүргүүлэхээр болсон. Ингэхээр Мега 14 төслийн эхэнд эрэмбэлэгдэж буй уг төмөр замын асуудлыг УИХ-аар батлан БНХАУ-ын тал “Чайна энержи”-тэй хэлцэл хийх боломжийг бүрдүүлж өгөх юм.
Намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, ажлын хэсгүүд ажлаа улам эрчимжүүлж, тогтоосон хугацаанд санал, дүгнэлтээ танилцуулах чиглэл өгсөн.
Энэ мэт нийгэм, эдийн засгийн шийдвэр хүлээсэн асуудлууд байгаа учраас ээлжит бус чуулганы товыг хүлээж байна. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга захирамж гаргаснаар УИХ-ын гишүүд ээлжит бусаар танхимдаа дахин цуглах эсэх нь шийдэгдэнэ.