Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад, Монгол улс хилээ тус бүр түр хаадаг. БНХАУ-ын хувьд маргаашаас /2025.01.29/ эхлэн гурав хоног хилээ хаах ажээ. Хятадын цагаан сарын баярын гурав хоногт л тус улстай хиллэдэг авто замын есөн боомтыг түр хаах хуваарь гарсан бөгөөд түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн үргэлжилнэ.
Цагаар сар дөхсөн энэ өдрүүдэд жил бүр хилийн боомтын ачаалал ихэсдэг бөгөөд ойрын өдрүүдэд Замын-Үүд-Эрээний хилийн боомт олны хөлд дарагдаж, оочер ихтэй байгаа ажээ.
Иймээс худалдаа наймаа эрхлэгчид хил хаахаас өмнө бараа, бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийхээр зорьдог бөгөөд карго тээвэрт бараагаа өгөхөд хүртэл хүлээлгийн хугацаа нь удаан буйг ярьж хэлж, бичиж байна. Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд баярын бараагаа хэдийнэ татаж авч дууссан бол жижиглэн худалдаа эрхлэгчид багаар бараагаа татсаар байдаг тул хил түр хаахаас өмнө иргэдийн оочер нэмэгддэг талтай.
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хилийн боомт хэвийн ажиллана
Хятад улсаа тунхагласан баяр болоод цагаан сараар бүх нийтээр амардаг. Энэ жилийн хувьд тус улсад бүх нийтийн амралтыг долоо хоног байхаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд хил 3-7 хоног хаадаг байсан бол энэ жил гурав хоног хаахаар болжээ.
Хил хаалттай байх хугацаанд Монголын талын хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ гэв.
Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амарна. Үүнд:
- Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд
- Цагаан сар-шинийн 1, 2, 3
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд
- Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд
- Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд
- Луут завины баяр-Зургадугаар сар
- Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
- Намрын баяр-Есдүгээр сар
- БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд
- Их эзэн Чингэс хааны өдөр
- Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр багтаж байгаа юм.