
Өнгөрсөн сард БНСУ-ын Мүан хотын нисэх онгоцны буудалд осолдсон Jeju Air агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг шалгах явцад хоёр хөдөлгүүрээс нугасны өд, цус зэрэг олджээ.
Үүнээс шалтгаалан онгоц нисэх онгоцны буудлын хашлагыг мөргөн осолдохоосоо өмнө шувуунуудтай мөргөлдсөн байж болзошгүйг илтгэж байгаа аж.
179 хүний амийг авч одсон уг ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа ч шалгалтаар Боинг 737-800 онгоцны хөдөлгүүр дотроос өд, цус олдсоныг тусгай лабораторид өгч шинжлүүлэхэд тэдгээр нь Байгалийн нугасных болох нь тогтоогдсон болохыг БНСУ-ын Агаарын болон Төмөр замын тээврийн ослыг мөрдөн шалгах зөвлөлөөс гаргасан тайланд онцолжээ. Байгалийн нугас нь өвлийн улиралд Өмнөд Солонгосыг олноороо зорьдог нүүдлийн шувуу юм. Онгоцны осол нь хэд хэдэн хүчин зүйлсээс болж гардаг ба шувуутай мөргөлдөж осолдох нь харьцангуй элбэг байдаг аж. Jeju Air компанийн онгоцыг жолоодож байсан нисгэгчид газардахаасаа өмнө ослын дуудлага хийж, шувуунуудтай мөргөлдсөн талаараа мэдэгджээ.
Үүнийхээ дараа онгоц Мүан хотын нисэх онгоцны буудлын нисэх зурвас дээр буух төхөөрөмжгүйгээр шууд хэвлийгээрээ газардан, нисэх онгоцны буудлын бетон хашлагыг мөргөн осолдсон юм. Мөрдөгчид онгоцны хар хайрцагнаас хангалттай мэдээлэл авч чадаагүй гэдгээ онцолсон байна. Jeju Air агаарын тээврийн компанийн онгоцны хар хайрцаг онгоц дэлбэрэхээс 4 минутын өмнөөс бичихээ больжээ. Энэ нь онгоцны цахилгаанд гэмтэл гарсантай холбоотой байж болзошгүй аж.