
Хятадын старт-ап, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч DeepSeek компанийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан хиймэл оюун ухаан дээр суурилсан чатбот нь өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ, Их Британи, Австрали, Канад, Хятад, Сингапур дахь Apple компанийн App Store-д борлуулалтаараа тэргүүлжээ. Ингэснээр энэ чатбот ОpenAI компанийн ChatGPT-ийг ардаа орхижээ. AppFigures сайтад бичсэнээр энэ сарын 25-ны байдлаар DeepSeek компанийн чатботыг 1.6 сая удаа татсан байна. DeepSeek чатботыг хөгжүүлэхэд тус компани бусад хиймэл оюун ухаанд суурилсан чатботуудаас илүү цөөн тооны чип ашиглаж, илүү хямд төсвөөр босгосон аж. Америкийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудын олон тэрбум ам.долларын зардалтай харьцуулахад DeepSeek компани нь Америкийн Nvidia компанийн бага хүчин чадалтай H800 чипүүдийг ашиглаж, чатботынхоо алгоритмыг хөгжүүлэхэд ердөө 6 сая ам.доллар зарцуулжээ.
АНУ-ын засгийн газрын тогтоолоор Nvidia компанийн хамгийн өндөр хүчин чадалтай H100 чипийг 2022 оны 9-р сараас хойш БНХАУ руу экспортлохыг хориглосон учраас Nvidia компани Хятадын зах зээлд зориулж H800 чипийг гаргасныг өнгөрсөн 10-р сараас мөн л Хятад руу экспортлохыг хориглосон юм. Америкийн тэргүүлэх хөрөнгө оруулагч Марк Андриссен DeepSeek R1 загварын чатботын нээлтийг дэлхийн анхны хиймэл дагуул Спутник сансарт хөөрсөн явдалтай зүйрлэжээ. DeepSeek компани R1 загварын чатбот нь OpenAI компанийн o1-mini загвараас хэд хэдэн үзүүлэлтээрээ давуу талтай гэдгийг онцолсон бол хиймэл оюун ухаан, Аппликейшн програмчлалын интерфейс зэргийг шинжлэн судалдаг Artificial Analysis сайтын судалгаагаар DeepSeek R1 загвар нь чанараараа Google, Meta, Anthropic компаниудын хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг ардаа орхисон байна.
DeepSeek компанийг хувьцааны үнийн хэлбэлзлийг хиймэл оюун ухаанаар тодорхойлдог High-Flyer Capital хэдж-фондыг үүсгэн байгуулагчдын нэг Лян Вэньфэн 2023 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр 2021 оноос Nvidia компанийн чипүүдийг худалдан авч эхэлсэн ба хоббигоороо хиймэл оюун ухаан хөгжүүлж эхэлжээ.
Хятадын Ханжөү хотод төвтэй DeepSeek компани нь бизнес гэхээсээ илүү судалгаа шинжилгээ хийхэд чиглэсэн ба DeepSeek чатбот болон үндсэн кодыг интернэтээс үнэгүй татаж болох юм. Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Лян Вэньфэн хиймэл оюун ухаан нь хямд болон бүгдэд хүртээмжтэй байх ёстой хэмээн онцолж, АНУ болон Хятадын хиймэл оюун ухааны хөгжил хоёр жилийн зайтай явж байгааг дурдаж байжээ. DeepSeek чатбот таталтын тоогоороо бусад хиймэл оюун ухаанд суурилсан чатботуудыг ардаа орхисонтой холбоотойгоор АНУ-д Nvidia компанийн зах зээлийн үнэ 16.9 хувиар буурсан бол Broadcom компанийн үнэ 17.4 хувиар, Майкрософтын үнэ 2.14 хувиар унасан бол Google-ийг эзэмшигч Alphabet компанийн үнэ 4 гаруй хувиар тус бүр буурчээ.