
“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх үг үе үеийн Ерөнхий сайд нарын богино хугацаанд төрийн эрх барьж байсан түүхээс улбаатай. Энэ түүхийг эвдэж буй өнөөгийн цагийн Ерөнхий сайд буюу сүүлийн дөрвөн жил Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ юм.
Тэрээр өнөөдрөөс яг 4 жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. Түүнээс өмнө Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил буюу 20 сарын хугацаатай байв.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ АНХ УДАА УРТААР ТӨЛӨВЛӨВ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-аар батлуулсан бөгөөд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулсан нь өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
КОВИДЫГ ДАВЖ, ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛСАН
Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЛЭЭ
Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов.
ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАВ
Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарсан. Түүнчлэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Засгийн газар Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”, төрийн тусгай сангуудын асуудлаар Засгийн газар өөрөө анх удаа шүгэл үлээж, хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтад орууллаа.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа.
Энэ хүн шиг ард түмний бухимдлыг дээд цэгт тулгаад яаж хийж аргалаад 4 жил болдог луйварчин хулгайч, боловсролгүй хог байдаг юмуу. Хурдан зайл.