Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж оны өмнө хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
“Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа Приус загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж байна. Өнгөрсөн жилд 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Яндан дотор нь байгаа үнэтэй металлуудыг салгаж авдаг юм байна. Иргэд 1.5-2 сая төгрөгөөр яндангуудыг зарж байна гэсэн мэдээлэл авсан” гэж мэдээллэж байв.
Түүнчлэн шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ.
ПРИУС МАРКИЙН АВТОМАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАН 1-2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Да хүрээ автомашины зах дээр очиж нүүрсэн яндан ямар үнэ ханштай байгаа талаар судалж үзэхэд приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан 1.8 саяас 2 сая төгрөгийн үнэтэй, приус 30,40 маркийн автомашины нүүрсэн яндан 1 саяас 1.5 сая төгрөгийн үнэтэй байв.
Автомашины худалдаачин
/Зураг даруулах, нүүр царайгаа гаргахаас татгалзсан болно/
-Нүүрсэн яндан хулгайлж нүүрсэн яндангийн ченжүүдэд авч ирж зардаг гэсэн мэдээлэл гадуур явдаг л юм. Тийм зүйл байдаг. Гэхдээ зөвхөн хулгайлж зарахаас гадна машины эзэд нь ч өөрсдөө унаж ирээд тастуулаад өгч байгаа л харагддаг. Нүүрсэн яндан авч, засаж зардаг хүмүүсийг замын цагдаагаас ирээд шалгана шүү дээ. Хууль бус наймаа хийж байна уу? гээд. Тэгээд нүүрсэн яндан худалдаж авч байгаа ченжүүд машиных нь арлын дугаарыг бичээд иргэний үнэмлэхийг нь канондож баримтжуулаад үлддэг болсон.Тэгэхээр сүүлийн үед хулгай гэхээс илүүтэй жолоочид нь өөрсдөө авч ирж зарж байгаа харагдаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хорьсноос хойш нүүрсэн яндангийн хулгай багассан болов уу?
НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ТҮРЭЭСИЙН ҮНЭ 120 МЯНГААС 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Нүүрсэн яндан авна,зарна гэсэн фэйсбүүк группууд руу ороод үзэхэд бас нэгэн сонирхолтой зарууд байсан нь нүүрсэн яндан оношилгоонд ороход түрээслэнэ гэсэн зар байв.
“Приус 20,30,40,41 -ийн нүүрсэн яндан зарна. Оношилгоонд түрээслүүлнэ гэх зарын дагуу” 8858…. утсаар холбогдоход доорх хариуг өгөв.
-Зарын дагуу холбогдож байна. Приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан хэдээр түрээслэх вэ?
-Приус 20-ын нүүрсэн яндан 200 мянган төгрөг гэж байна.Түрээслэх бол бичиг баримттайгаа ирээд нүүрсэн яндангаа тавиулж болно.
-Худалдаж авахаар бол ямар үнэ ханштай байна?
-Приус 20-ын нүүрсэн яндан 1.8 саятай байна. Манайд Японы ориг нүүрсэн яндагууд байгаа. Ирээд үзээрэй.
НҮҮРСЭН ЯНДАНГАА ЦЭВЭРЛҮҮЛЭХЭЭР ИРСЭН 10 МАШИН ТУТМЫН 5 НЬ НҮҮРСЭН ЯНДАГҮЙ БАЙДАГ
Сиатл Авто Про ХХК-ын менежер Б.Золжаргал
– Манайх автомашины нүүрсэн янданг цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Нүүрсэн яндан бохирдол ихтэй байвал автомашины оношилгоонд тэнцдэггүй юм. Авто тээврийн үндэсний төвийн инженерүүд яндангаас гарч буй утааны нь хорт хийн хэмжээг мэдэрдэг төхөөрөмжөөр шалгаад олон улсын зөвшөөрсөн хэмжээнээс өндөр байвал оношилгоонд тэнцэхгүй байна гээд буцаадаг. Ингээд ирэхэд нь бид нүүрсэн яндангийн шүүлтүүрийг нь цэвэрлэж буцааж явуулдаг. Гэхдээ нүүрсэн яндангаа цэвэрлүүлэхээр ирэхэд нь машин нь аль хэдий нь нүүрсэн яндангүй болсон тохиолдол их байдаг. Баримжаагаар 10 машин тутмын 5 нь нүүрсэн яндангүй байдаг. Нүүрсэн яндангүй бүү хэл нүүрсэн яндантай машинууд ч олон улсын зөвшөөрөгддөг хэмжээнээс их хорт хий ялгаруулаад явж байна шүү дээ. Тэгэхээр нүүрсэн яндангүй машин бол маш их хорт хийг ялгаруулж байгаа. Энэ нь 130, 140 см-ээс өндөр бидэнд мэдрэгдэхгүй байж болох ч замын хажуугаар алхаж яваа бага насны хүүхдүүдийн уушгинд маш хүндээр нөлөөлж байгаа. Хулгайлдаг ч бай өөрсдөө аваачаад зардаг ч бай бүгдэд нь хандаж “өөрсдөдөө биш юм аа гэхэд хүүхдүүддээ хайртай байгаач ээ” гэж л хэлмээр санагддаг даа.