Эрт урьдын цагт агаараар биш угаараар амьсгалдаг “улны” ард түмэнтэй нэгэн улс байжээ. Улсыг бүчин авсан хар утааг үлдэн хөөхөөр ихэс дээдчүүд өөрсдөдөө ашигтай аргыг шийдэл гэж ард түмэндээ итгүүлсээр олон он өнгөрч гэнэ. Их мэдэгч нэгэн захирагч эрт эдүгээ цагт утааны асуудал зуухандаа байгаа гээд ид шидийн нэгэн зуухнаас 140 мянган ширхгийг элбэдэн гаргаж ирээд ард олондоо тараажээ. Ингэж явсаар найман он улирахад үзэгдэх утаа нь улам л ихсэх болж. Гэтэл дахин нэгэн баатар гарч ирээд асуудал зуухандаа биш нүүрсэндээ байсан байна гэж хэлээд түлшний үйлдвэр байгуулж гэнэ. Тэр цагаас хойш мөн л утаа буурсангүй. Ард түмний уур хилэн бадран, амьтай бүхэн өвчин зовлонд нэрвэгдэхэд дахин нэгэн хотыг аврагч баатар гарч ирээд, 140 мянган зуухны үлгэрийг давтахаар болж гэнэ. 15 он улирахад зуух, түлш хоёроо ээлжилж сольсоор, зуурдаар нас барагсдынхаа тоог барьж дийлэхээ больсон гэдэг.
БГД-т тараасан зуухны төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн ба хоёр тэрбум төгрөгийг салхинд хийсгээд өнгөрлөө. Тодруулбал Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн тендер зарлаж, тендерт оролцсон хоёр компаниас Экоресурс ХХК шалгарсан байгаа юм.
ЭРХ БАРИГЧДЫН “ШИЙДЭЛ” ИРГЭДИЙГ БУХИМДУУЛАВ
- Зуухны талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ярихдаа, “Өмнөговь аймгийн туршлагыг нэвтрүүлж байгаа. Баянгол дүүрэг дээр эхлээд туршиж байна. Мөн аймгуудад туршилтаар хийх гэж байна. Энэ бол утааг нь давхар шатаадаг, давхар шаталттай зуух байгаа” гэв. Гэвч иргэд зуухаа хоёр хоноод л гаргасан. Энгийн зуухаа буцаад тавьчихсан. Манай хашааны айлууд бүгдээрээ гаргаад тавьчихсан байгаа. Ёстой хэрэггүй зуух байна гэцгээн ам уралдан “муулж” байсан юм.
- Уг нь “Экоресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатар зуухныхаа ид шидийг гайхуулж байсан. Ингэхдээ, “зуухны маань онцлог бол нүүрс түлээд, нүүрсний утаагаа давхар шатаадаг зуух. Эндээ утааг дахин шатаах төхөөрөмжтэй. Тиймээс утаа гаргахгүй гэсэн юм.Тэгвэл иргэд, “гал асахаар хоёр талын нүхээрээ жаахан утаа гараад байдаг юм билээ. Энэ утаагүй зуух лав биш” гэлээ.
- Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Ганцхан агаарын бохирдол бууруулахын тулд зуух солиогүйг онцолж, угаардалтын эсрэг арга хэмжээ авч байгаа гэж тайлбарлав. Харин эрх баригчдын энэхүү шийдвэрийг иргэд бухимдалтай хүлээн авч, “Улныхныг доромжилж ийм юм авчирч өгсөн юм байх гэж бодож байгаа” гэх мэтээр бухимдлаа илэрхийлсээр байна.
Дээр дурдсан 2200 зуухыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны хооронд айл өрхүүдэд тараажээ. Хэрэглээд нэг сарын дараа хог болон хөглөрч буй Нүүдэлчин эко зуухыг цааш үргэлжлүүлэн 32 мянган айлд өгөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл 32 мянган айл хашаандаа хаяж болдоггүй төмрийн хогтой болно гэсэн үг. Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажлын тендерт Экоресурс ХХК ганцаараа оролцоод нэгдүгээр сарын 10-нд шалгарчээ.
ТЭГВЭЛ ХОЁР УДААГИЙН ТЕНДЕРТ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ЭКОРЕСУРС ХХК-ИЙН ЭЗЭД ХЭН БЭ?
Компанийн эцсийн эзэмшигч нь Палам овогтой Баярцог, Цэрэндорж овогтой Мөнхбаатар нар байна. Ц.Мөнхбаатар нь Нүүдэлчин зуухыг бүтээсэн гэх инженер бол, П.Баярцог нь шатахууны мөнгө эргэлддэг томоохон компани болох Веллком ХХК-ийн эцсийн өмчлөгч. Тэгвэл Веллком ХХК-г П.Баярцогтой хамтран эзэмшигч Батбаярын Алтантариа нь С.Одонтуяа сайдын бэр байгаа нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл Экоресурс ХХК-ийн эзэн П.Баярцог Байгаль орчны сайд С.Одонтуяатай нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй гэх дүр зураг эндээс харагдаж буй юм.
ЗУУХНЫ ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЛЭВ
Улаанбаатар утаатайгаа тэмцэхэд Нийслэл, Засгийн Газраас төсөв санхүүжилтийг нь шийдэж, зуух, түлш шахдаг MCS групп утаанаас чинь салгаж өгнө гээд нийслэлчүүдийг хошгоруулсаар энд хүрлээ. Утаанаас салахын тулд эхлээд MCS-ээс салах ёстой байж.
- 2010-2013 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн 33.8 сая ам.долларын санхүүжилтээр 98 мянган зуух,
- 2013-2016 онд Засгийн газар ба Дэлхийн банкны хамтарсан “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр 40 мянган зуух,
- 2011-2015 онд Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангаас 32 тэрбум төгрөгийг зууханд зарцуулжээ.
Өөрөөр хэлбэл “Цэвэр агаар” нэрийн доор зургаан жилийн хугацаанд нийт 160 гаруй тэрбум төгрөг зарлагадаж 140 мянган зуух тараасан гэсэн үг. Үр дүнд нь Улаанбаатар утаанаасаа салаагүй ч, угаараар амьсгалж буй иргэд асуудалтайгаа “эвлэрч” эхэлсэн юм.