
Өчигдөр (2025.1.15) баривчлагдсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл мөрдөн байцаалтад орохоос татгалзжээ. Тэрбээр “Өчигдөр би аль хэдийн хангалттай байр сууриа илэрхийлсэн” хэмээн мэдэгдэж.
Юн Сүк Ёлыг 15-ны өдөр баривчласаны дараа, Сөүл хотын ойролцоох Гёнги мужийн Гвачон дахь Албан тушаалтнуудын гэмт хэргийг мөрдөн шалгах алба (CIO)-нд 8 цагийн турш байцаасан аж.
Мөрдөн байцаалтын дараа түүнийг Сөүл дэх хорих анги руу шилжүүлсэн ба БНСУ-ын түүхэнд анх удаа албан тушаал дээрээ байгаа Ерөнхийлөгч хорих ангид хоригдож байгаа тохиолдол болж байгаараа анхаарлын төвд ороод байна. 16-ны өдөр буюу өнөөдөр Юн Сүк Ёл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас мөрдөн байцаалтад орохоос татгалзаж, мөн л “Өчигдөр би хангалттай байр сууриа илэрхийлсэн” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
CIO буюу албан тушаалтнуудын гэмт хэргийг мөрдөн шалгах албанаас ойрын хугацаанд түүнийг үргэлжлүүлэн хорих зөвшөөрлийг шүүхээс авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа аж. Хэрэв шүүх зөвшөөрвөл Юн Сүк Ёл нь шүүх хурал хүртэл 20 хоногийн хугацаанд хоригдох боломжтой юм. Нөгөөтэйгүүр, Юн Сүк Ёл нь өөрийн баривчилгааг хууль бус хэмээн үзсэн хэвээр байгаа юм. Тиймээс, тэрбээр Сөүл хотын төв шүүхэд баривчилгааны хууль ёсны байдлыг шалгуулах хүсэлт гаргажээ.
CIO нь Юн Сүк Ёлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд “цэргийн онц байдал” зарласан үйлдлийг нь дотоодын үймээн самууны голлон зохион байгуулсан этгээд хэмээн үзэж байгаа. Үүнтэй уялдаад, 200 гаруй хуудастай асуултын жагсаалт бэлдэн, 15-ны өдөр 8 цагийн турш байцаалт авсан боловч, Юн Сүк Ёл нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан аж. Мөн өнөөдөр Үндсэн хуулийн шүүхэд Үндсэн хуулийн зөрчлийн асуудлаар хоёр дахь сонсгол болох ба хэрэв шүүх түүний эсрэг шийдвэр гаргавал Юн Сүк Ёл албан тушаалаасаа огцрох болно.