УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.01.16/ Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилж байна.
СЗХ-ны хяналтын зөвлөлийн гишүүнд
- Булганы Саруул
- Лувсандоржийн Сонор
- Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
“СЗХ-нд зөвшөөрлийн наймаа их явдаг, авлигаар зөвшөөрөл өгдөг асуудал байдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Нэр дэвшигч Л.Сонороос тодруулж асуухад хэвлэлээр таныг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа банк бустай, хувьдаа даатгалын бизнестэй хүнтэй хамаатан гээд бичээд байна, үнэн үү?” гэлээ.
Асуултын хариуд нэр дэвшигч Л.Сонор “Миний бие Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Тэр бүрт сонгон шалгаруулалт өгч орсон, томилогдсон. Одоо Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. СЗХ-ны энэхүү албан тушаал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлын чиг үүргийн дагуу миний нэрийг дэвшүүлсэн. Би Т.Доржханд сайдын ахын хүүхэд мөн. Гэвч нэр дэвшсэнд минь аливаа хүн, улс төрийн нөлөөлөл байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.”
Энэ мэтээр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явуулав. Ингэхдээ Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг дэмжсэн ч Л.Сонорыг дэмжсэнгүй.