Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд тун ширүүхэн өрсөлдөөн дүүрэн өрнөж байна.
MBA CARE” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны улиралд анх удаа “MBA CARES CELEBRITY GAMES”-ийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь өмнө байгаагүй цоо шинэ төсөл бөгөөд Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуустаа дэмжлэг болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сэдэл өгөх зорилготой.
Тус тэмцээнд оролцсон волейболын спортын “Хасу Мегастарс” багийн тоглогч Б.Баярсайхан мөн “Фантастик” продакшны жүжигчин Э.Одбаяр нартай ярилцлаа. Сагсан бөмбөгийн лигийн эргэн тойронд ямар сонирхолтой үйл явдлууд өрнөж буйг та бүхэндээ онцлон хүргэхийг зорилоо.
“Хасу Мегастарс” клубын тоглогч Б.Баярсайхан: Волейболын тамирчин миний хувьд сагсан бөмбөг тэр дундаа 3х3 төрлөөр тоглож өрсөлдөх шинэлэг гоё байлаа
-Сайн байна уу? Волейболын тамирчин сагсан бөмбөг тоглох ямар байна?
-Волейбол, сагсан бөмбөг хоёр хоорондоо маш ялгаатай спортууд. Хэдийгээр хоёулаа бөөрөнхий бөмбөгөөр тоглодог ч гэсэн. Волейбол хоёр хуваагдаж байгаад хоёр талаасаа өрсөлддөг бол сагсан бөмбөг биеийн хүч, хурд, хүнтэй харьцдаг контакттай спорт болохоор маш өөр.
Би ийм контакттай спортод ороогүй 10 гаруй жил болж байна. 10 жилийн сургуульдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тийм болохоор маш хүч шаардсан, тэсвэр шаардсан байлаа. Тэгээд 5-ын эсрэг 5-аас гадна 3х3 гэдэг бол дандаа хөдөлгөөнтэй байх шаардлагатай.
-Сагсан бөмбөг тэр дотроо 3х3 төрөл бол тамирчнаас маш их хурд, авхаалж самбаа, мэдрэмжийг шаарддаг. Нэлээд хүч хаясан өрсөлдөөн болсон уу?
-Хүний тоо болон багийн гишүүдийн тоо бага болохоор зайлшгүй нэг хүнээ аваад л байнгын ингээд хөдлөөд байх шаардлагатай спорт учраас нэлээд хүнд байлаа. Гэхдээ маш гоё шинэлэг бөгөөд соргог мэдрэмжийг авч чадлаа.
-Волейболын үндэсний дээд лигийн шигшээд шалгарах багуудын нэрс тодорхой болж байна? Өөрийн тань хувьд БНСУ-ын мэргэжлийн лигт тоглож байсан тамирчин учраас багтаа маш том хөшүүрэг, дэм болж байгаа байх?
-Би нэг жилийг Солонгосын мэргэжлийн лигт өнгөрүүлсэн байгаа. Энэ жил Монголдоо ирээд “Хасу мегастарс” багтайгаа нэгдээд хамгийн анх энэ клубээс багадаа волейболын гараагаа эхэлж байлаа. Өмнө нь авч чадаагүй аваргынхаа төлөө дахиад нэг зүтгээд үзье гэж бодоод багтайгаа нэгдээд үндэсний дээд лигээ амжилттай үргэлжлүүлж байна. Одоо манай баг шигшээд шалгаран амжилттай явж байна.
Баг дотроо аль хэрэгтэй байрлал, хаана сул байрлал байна тэнд орж тоглоод ерөнхийдөө бүх чадлаараа л өөрийгөө багтаа зориулахыг хичээж байгаа.
Манай багийн бүрэлдэхүүний тухайд анх 2013 оноос хойш Хасуд тоглосноос хойш ерөнхийдөө хамт тоглож байсан хүмүүс бараг бүгдээрээ байгаа. Тэгээд доороос маш мундаг ур чадвартай тамирчин дүү нар маань орж ирээд дээрээс нь манай баг гаднаас гурван тамирчин авч лигт өрсөлдөж байгаа.
Үүгээрээ ч манай баг бусад багуудтай эн тэнцэхүйц үзэхээр бүрэлдэхүүнтэй болсон гэж бодож байгаа. Миний хувьд ч гэсэн дотооддоо тоглож байгаад Солонгос руу яваад 8-9 жилийг өнгөрөөчихсөн. Өөр улсын волейбол үзээд ирчихсэн гэдэг утгаараа ч юмуу манай багийнхан надад маш их хүлээлт тавьдаг.
-“Хасу Мегастарс” багийнхан энэ удаад мөрөөдөл, зорилгоо биелүүлэн Лигийн аваргын цомыг өргөхөөр зорьж буй нь лавтай байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бид авч чадаагүй лигийн цомоо өргөхийг хүсч, зорьж бэлтгэл сургуулилтаа хангасан. Иймдээ ч бүгд эн тэнцүү хүчтэй өрсөлдөж байна.
Би ч гэсэн багийнхаа итгэлийг алдахгүйн тулд өөр улсад илүү суралцсан зүйлүүдээ багийнхандаа зааж өгөөд, аль болох тус болох талаас нь биеэ дайчилж байгаа. Багийнхнаасаа ч гэсэн сурах зүйл их байгаа. Одоохондоо болоогүй байгаа гэж бодож байна. Ямар ч байсан энэ жил Үндэсний дээд лигийн аварга авахын төлөө бүх зүйлээ зориулаад дуусна гэж бодож байгаа.
Жүжигчин Э.Одбаяр: Лиг маань үнэхээр гоё хөгжиж буйд баяртай байна
-Дээд лигт аль багийг илүү түлхүү дэмжиж байна? Анзаарахад “Хасын Хүлэгүүд”-ийг илүү дэмжээд байна уу?
-“Хасын Хүлэгүүд” гэхгүйгээр би бүгдийг нь дэмжиж, бүгдийг нь үздэг. Ер нь ихэнхи нь “Хасын Хүлэгүүд”-ийн тоглолт дээр үзэж таараад байгаа юм. Завтай үедээ бүгдийг нь үзэж байгаа. Бизоны ч тамирчид ч гэсэн найзууд маань бас байгаа. Хүлэгүүдэд ч гэсэн найзууд нөхдүүд бүгд л байгаа. Бүгдийг нь л сайхан тэгшхэн дэмжиж үздэг шүү дээ./инээв/
Сагсан бөмбөгийн лиг НБА-гийн тоглогчдоор хүрээгээ тэлж буй нь маш гоё онцгой
-Та бүхний хувьд багийн спортоор чөлөөт цагаараа хичээллэдэг үү?
-Лиг маань гоё болж байхад л болох байх гэж боддог доо. Бид нарын хувьд багийн спортоор нэг их хичээллэхгүй. Тэгэж олон хүн цуглуулах чинь хэцүү шүү дээ. Ерөнхийдөө бид нар хувийн фитнесс ч юм уу, бассейн, боард, бокс тулааны ч юм уу тиймэрхүү юмнуудыг хувь хувьдаа л ганц хоёр өдөр л хичээллэдэг. Түүнээс биш яг ийм волейбол, сагсанд цаг гаргаж олуулаа тэгэж чаддаггүй.
-Эмэгтэй багуудын тоглолтыг үзэж байна уу? Тоглолт үзэхдээ дэмждэг багийнхөө өмсгөлийг өмсдөг үү?
-Эмэгтэй багуудын тоглолтыг бас сайн үзэж амжихгүй байгаа. Эрчүүдийг бол гоё тоглолтуудыг ч юм уу, найзууд хоорондоо үзэж байна. Одоо энэ Томи, Санчир хоёр хоорондоо тоглох нь бас надад зүгээр гоё байгаа байхгүй юу. Хоёр найзууд хоорондоо тоглох бол. Ойрын хүмүүс маань таньдаг хүмүүс маш олуулаа лигт тоглож байгаа учраас тэднийхээ багийнхныг зав зайгаараа л үзэж байна. Яг бол одоохондоо хараахан нэгнийх нь улаан цайм өмсгөлийг нь өмсөөд суух бол хараахан болоогүй байна. Нэгнийх нь өмсгөлийг өмсөөд суувал нөгөөдөх нь гомдох гээд л. Зөндөө олон найзууд байгаа болохоор тэгээд асуудал их байна.
-Лигийн зохион байгуулалт, орчин, уур амьсгалын талаар хэрхэн тодорхойлмоор байна?
-Бүгдийг нь дэмжээд явж байгаа, лиг маань ч өөрөө гоё болж байгаа. Одоо ингээд NBA-ийн супер од Монголд ирж байна гээд гадны тамирчдаар лиг хүрээгээ тэлж буй Монголын лигийн тухай мэдээллүүд гарч байгаа нь таашаалтай байна. Тэгэхээр одоо үзэгчид маань олуулаа үзэж, тасалбараа аваад дэргэдээс нь тамирчдаа дэмжээд Монголынхоо лигийг илүү дэмжээсэй гэж хүсч байна. Одоо орчин нөхцөл үнэхээр гоё байна шүү дээ. Энэ гоё аренад бид лигээ үзээд л, өмнө нь Спортын төв ордонд суудлын номергүй чихэлдээд л сууж байсан үе саяхан шүү дээ. Ийм гоё аренатай болчихсон ингээд сууж байгаа нь гоё байна даа.
-Лигийн багуудад найз нөхөд нь тоглодог байх? Тэгэхээр аль нэг багийг нь үнэнчээр тусгайлан дэмжиж байна уу?
-Аль нэг багийг нь онцгойлон дэмжих гэхээр найзууд гомдох гээд байгаа. Нөгөө багийг нь дэмжвэл ээ чи манай өмсгөлийг өмсөж суухгүй байж гээд л үг хаядаг./инээв/
Ер нь бол энэ талдаа суучихаар нэг багт нь суучихдаг юм. Жишээ нь Хүлэгүүдийн талд суучихаар Санчир “Өө чи Хүлэгүүдийн талд суучхаж байгаа юм уу?” гээд л. Суудлаасаа шалтгаалаад л хамаагүй рандом суучихаар гомдох юмнууд зөндөө байна аа байна. Дотоодын лигүүд маань ийм гоё өргөжин тэлж, үзэгч, фанатуудаа татаж чадаж буйд сэтгэгдэл өндөр байна.
Ярилцсанд баярлалаа.
Дээрх ярилцлагыг видео хэлбэрээр үзэх линк: