Хурд хамтлаг “Монгал” филмийн хамтын бүтээл “Бүсгүй” мелодрам кино нэгдүгээр сарын 16-ны өдөр нээлтээ хийх гэж байна.
Тус хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн уг кино 1990-ээд оны шилжилтээс хойших үеийн монголын нийгмийн үйл явдлыг харуулах ажээ. Дан ганц хайр дурлалын талаар бус тухайн үеийн залуусын амьдрал, рок поп ертөнц, буйдхан тосгоны талаар өгүүлэх ажээ.
Киноны гол дүрд Жүжигчин С.Ариунбямба, Г.Ариунболор нар тогложээ.
“Бүсгүй” киноны Ерөнхий найруулагч Л. Базарсад:
“Залуусын хайр дурлалыг харуулахаас гадна тухайн үеийн нийгмийн онцлогийг харуулж байгаагаараа манай кино онцлог. Мөн бид дүрийн сонголт дээрээ маш их анхаарсан. Жүжигчдийн хувьд урьд өмнө нь хамтарч байгаагүй гайхалтай хамтрал болно хэмээн харж байна” гэлээ.
Хурд хамтлагийн гишүүн, “Бүсгүй” киноны Ерөнхий продюсер Д.Отгонбаяр:
“Киногоороо аль болох нийгмийн эерэг талыг харуулахыг зорьсон. Монголчуудын соёл, хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” хэмээв.
Мөн Хурд хамтлаг киноныхоо орлогын тодорхой хувийг алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлгийн Нярайн тасагт шаардлагатай багаж, тоног төхөөрөмж авах хүмүүнлэгийн ажилд зориулахаа онцлон хэллээ.