2025 оны спорт холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээн жүдо бөхийн төрлөөр эхэлсэн. Тэгвэл дараалан бусад спортын төрлүүдийн УАШТ болж, медалийн эздээ тодруулж байна.
Дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээн бүх тамирчдад маш чухал. Учир нь УАШТ-ий дараагаар спорт холбоод Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулдаг. Энэ ч утгаараа тамирчид улсын аваргадаа чанартай сайн амжилт гарган оролцож байж улс эх орноо төлөөлөн хилийн чанадад болох чансаа өндөртэй тэмцээн уралдаанд өрсөлдөх эрхээ өвөртөлдөг билээ. 2028 оны Лос Анжелесийн зуны олимпын цикл эхэлж байгаа энэ үед бүх тамирчдын бэлтгэл сургуулилт, шандасыг сорьдог УАШТ боксын төрлөөр үргэлжилж байна.
“Лос Анжелес-2028” олимпын цикл 2025 онд эхэллээ
Монгол улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд гурав дахь өдрөө болж байгаа.
Боксын УАШТ-ий эхлэл цэг
Анх боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийг 1956 оноос зохион байгуулж эхэлжээ.
Өдгөө боксын УАШТ улам бүр хүрээгээ тэлэн жил бүрийн дотоодын шилдгийг тодруулдаг тулаануудад шинэ залуу боксёрууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог
Энэхүү тэмцээнийг Дэлхийн боксын холбооноос баталсан шинэ жингийн ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлог. МУГД В.Батбаярын нэрэмжит тус тэмцээнд 36 байгууллагын 170 гаруй тамирчин оролцож байна. Улсын аваргын медалийн эзэд эрэгтэй 10, эмэгтэй долоон жинд тодорно. Тодотговол, УАШТ-д түрүүлсэн тамирчдаар шигшээ багийг бүрдүүлж, 2025 онд зохион байгуулах ААШТ, ДАШТ болон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох ажээ. Тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодорно.
Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй жингийн тулаан нэгдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн. Харин бид боксын ДАШТ болон Азийн наадмын медальт тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.
“Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн: Би эхний тулаанаа 1 дүгээр сарын 16-ны өдөр хийнэ.
Миний хувьд энэ жил 54кг-ийн жинд оролцож байгаа. Жингийнхээ зоог толгойлсон байгаа. Миний хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн чухал.
Яагаад гэхээр улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлснээр цааш цаашдаа Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ баталгаажуулна гэсэн үг.
Энэ жил манай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр бий. Учир нь Дэлхийн боксын холбоо, AIBA гэсэн хоёр ДАШТ зохиогдож байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэн тамирчид хамгийн ойрхон нь гэвэл эмэгтэйчүүдийн AIBA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биднийг хүлээж байна.
ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мишээлт: Дэлхийн рингнээс алтан медаль хүртэх зорилготой
Өөрийнхөө спортын замналыг аль болох эерэг сайхнаар л төсөөлж байна. Олимпын аварга, дэлхийн аварга ахиад төрөх болтугай гэж боксын спортынхондоо ерөөе. Тэгээд дараагийн олимпын циклд бүгдээрээ амжилттай оролцоод ямар ч байсан дэлхийн аваргын алтан медалийг л авна гэсэн зорилготой бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна.
Миний хувьд жингийн хувьд бас жаахан өөрчлөлт орсон байгаа. Гадны тамирчид бас яг яаж оролцохыг, жаахан дээшээ доошоо хасч оролцохыг сайн мэдэхгүй байна. Одоо ямар ч байсан улсын аваргадаа амжилттай оролцоод дараа дараагийн тэмцээнээсээ судалгаагаа хийгээд явна даа.
ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Л.Алтанцэцэг: Улсын аваргын рингэнд өрсөлдөх тамирчдаа сайн судалсан
Би одоо 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 48кг-ийн жинд өрсөлдөж байгаа. Одоо 2025 оны 3 дугаар сард дэлхийн аваргын чансаатай гэхээр дэлхийн аваргынхаа жинд тоглохоор болсон. Тэгээд энэ улсын аваргаараа ялангуяа 48 кг-ийн жинд манай залуу тамирчид их сайн мундаг тамирчин дүү нар маань орж ирж байгаа. Ер нь энэ улсын аварга шалгаруулах тэмцээн дуусгаад холбооноос шинэ Үндэсний шигшээ багийг байгуулна. Тэгэхээр оролцох тэмцээн уралдаан бүр сайн тодорхой болно. Ингээд эхлэхээр бид нарын өөрсдийн бэлтгэл сургуулилтаа дор дороо клуб дээрээ хийгээд явж байгаагаа үргэлжлүүлэх байх.
Дотоодынхоо 48кг-ийн жиндээ өрсөлдөгч нараа судалсан байгаа. Байнга бид нар хоорондоо учраа таардаг болохоор өчүүхэн жаахан жаахан алдаа бий. Тэрэн дээрээ ер нь ажилладаг даа би.
Ер нь 48кг, 50кг-ийн жинд залуу хүүхдүүд маш их болсон байгаа. Харин өөрсдөө жаахан зорилго тэмүүлэлтэй байх юм олимп, дэлхийн аваргад манайх хожиход бол бэлэн байгаа гэж боддог.
Ярилцсанд баярлалаа.