Монгол Улсын хэмжээнд хайгуулын 1001 тусгай зөвшөөрөл бий. Өнгөрсөн оноос шинээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоогоод байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн тусгай зөвшөөрөл дахин олгохоор болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ.
“Хайгуулын тусгай зөвшөөрөл яг өнөөдрийн байдлаар зогссон байгаа. Монгол Улс хайгуулын 1001 лицензтэй. Энэ тоо өдрөөс өдөрт хорогдож байгаа. Өөрөөр хэлбэл, хайгуул хийж үзээд юм байхгүй бол хаагаад явдаг. Энэ нилээн хорогдож байгаа тоо. Засгийн газар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс нээхээр төлөвлөсөн. Юун түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг манай яамнаас батлаад Хууль зүй, дотоор хэргийн яаманд Нийтээр дагаж мөрдөх журмын бүртгэлийн хэсэгт өгсөн, хүлээж байна. Журмыг бүртгэлээ гэх мэдээлэл ирсэн даруйд бид зарлана.
Үүнийг ил тод, нээлттэй, цахим байлгах чиглэлээр хоёр долоо хоногийн хугацаанд АМГТГ-т туршилт, тохируулга хийгдээд нээнэ.”
Цаашид нийт газар нутгийн хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзэж буй аж. Жишээлбэл, Австрали улс нийт газар нутгийнхаа 32,5% хайгуулын лиценз байдлаар олгосон. Канад улс газар нутгийнхаа 100% зөвшөөрөл олгоод, хаанаа юу байгааг илрүүлээд байгаа. Харин Монгол Улсын олгогдсон байгаа лиценз нь нийт газар нутгийн 3,2%-ийг эзэлж байгаа буюу маш бага хувь эзэлж байгаа. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг нилээн олгож, хайгуул хийж байж газрын хөрсөн доороо юу байгааг мэдэж байж дараагийн төлөвлөлт, эдийн засгийн тэлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байна.