Вьетнам улсад хийхийг хориглосон зүйлсийг зөрчсөн жуулчдын тухай гашуун түүх Тайландынхтай эн зэрэгцэж очихгүй ч гэлээ анхаарууштай зөвлөмж хүргэе. Вьетнамын ЭСЯ-ны сайтад албан ёсоор бичсэн дүрэм журам байдаггүй ч ямар ч дүрэм журамгүй гэсэн үг огт биш юм.
Орон нутгийн ёс заншил, хууль тогтоомж нь тус улсын иргэдэд төдийгүй жуулчдад нэлээд хатуу байдаг. Вьетнамд аялахаасаа өмнө орон нутгийн ёс жаяг, дүрэм журмын талаар тодорхой мэдлэгтэй, басхүү анхаарал болгомжтой байхад илүүдэхгүй.
ТАМХИ ТАТАХ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО
Олон нийтийн газар тамхи татахыг хориглодог. Хэрэв зөрчвөл мэдээж торгуультай. Хувийн хэрэгцээнд зориулсан электрон тамхи авч явах боломжтой ч энэ төрлийн тамхи болон түүний цэнэглэгчийг худалдахыг хориглодог. Жуулчид хар тамхи, мансууруулах бодис хадгалсан, тараасан, үйлдвэрлэсэн тохиолдолд цаазаар авах ялтай. Вьетнамд хуурамч эм өргөн тархсан байдаг. Тэдгээр хуурамч эмийг хэрэглэвэл таагүй үр дагаварт хүргэж болзошгүйг анхаараарай.
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛА, АНХААРАЛ ТАВЬ
Төрийн хамгаалалтад байгаа ан амьтан, ургамлыг худалдан авах, борлуулах, алж устгахыг хатуу хориглодог. Вьетнам улс нэн ховордсон зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийн талаарх Олон Улсын Худалдааны Тухай Конвенцид нэгдэж, гарын үсэг зурсан орон. Энэ хуулийг нь зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм уу торгууль ногдуулдаг.
БУСАД ХОРИОТОЙ ЗҮЙЛС
Вьетнамын хуулийн дагуу жуулчид цэргийн байгууламжийн зургийг авах, зураг болон “Reels”, “Story”-ныхоо арын дэвсгэр болгохыг хатуу хориглодог. Бусад хориотой зүйлсийн дотор тус улсад интернетийн хэрэглээнд тодорхой хязгаарлалтууд бас байдаг учраас зарим нэг сошиал сүлжээний сайтуудад нэвтрэх боломжгүй. Түүнчлэн, Вьетнамд ирсэн гадаадын жуулчид Вьетнам иргэдийг зочид буудлын өрөөндөө оруулах, урихыг ерөнхийд нь хориглодог.
Ерөнхийдөө, Вьетнамд ирсэн жуулчид орон нутгийн хориг, уламжлалыг дагаж мөрдөх ёстой байдаг. Жишээ дурдвал, тус улсын ёс заншилд Будда бурхан, ариун дагшин эд зүйлс рүү ар нуруугаа харуулж болдоггүй. Мөн, хүмүүсээс өглөг гуйхыг ч хориглодог. Та богино өмд эсвэл богино банзал өмссөн бол ариун сүмд орох боломжгүй. Зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулдаггүй ч гэлээ нутгийн хүмүүс эвгүйцэж, хүндэтгэлгүй ханддаг байна.