Түгжрэлийг бууруулах нэрийн дор хотын даргын гаргасан гашуун шийдвэрүүдийн нэг нь автомашины дугаарыг шинээр олгохгүй байх явдал. Хэрэгжээд хоёр сар болсон уг шийдвэр хөрсөн дээрээ хэрхэн буусан талаар сурвалжлахаар бид Да хүрээ авто машины зах дээр очсон юм.
Автомашины худалдаачин
ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭРХ АЧАА Л НЭМЭГДСЭЭР БАЙНА
Улаанбаатар серитэй дугаар олгохгүй байгаа учир бид өөрсдөө шагийн наймаачдаас дугаар аваад үнийг нь машиндаа шингээгээд л зарж байна. Жишээлбэл 35 сая төгрөгийн үнэтэй машинд дугаар авч тавьсан бол 36 саяар зарна. Энэ шийдвэрээс болж бид нарын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм байхгүй шүү дээ. Хэрвээ хотын дугаарын үнэ улам нэмэгдээд байх юм бол бид машин дээрээ нэмээд л зарна. Бид гадаадаас авч ирсэн үнээрээ зарна гэж байхгүй. Мэдээж ашиг л харж байгаа юм чинь. Ер нь бол худалдан авагч иргэдийн нуруун дээр л бүх ачаа очиж байгаа.
ТӨР ӨӨРӨӨ АРД ИРГЭДЭЭ ИЛТЭД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА
Монголд Эксел гэдэг машин их байсан одоо энэ машин байхгүй. Приус 10, 11 гэдэг машин хэрэглээнээс гарсан. Нямбаатар байсан байгаагүй ч бид машинаа сайжруулаад дараа дараагийн загварыг нь унаад л явна. Нийт Монголчуудын амьжиргааг авч явж байгаа 10,20,30 саяын машиныг мянга хориглоод нэмэргүй. Евро 4 гэж шалгуур тавиад он залуу 2020, 2024 онд үйлдвэрлэсэн машинд түрүүлж дугаар олгоно гэж байгаа юм. Бас цахилгаан машинд түрүүлж дугаар өгнө. Хятад машинуудыг л олноор нь борлуулах гэсэн далд эрх ашиг байх шиг санагдаад байгаа юм. Хөдөө ямар ч хамаагүй машин унаж болно. Хотод бол ерөөсөө л 60-70 саяын машин унаж чадах нь амьдар гэж байна. Төр нь өөрөө ард иргэдээ ялгаварлан гадуурхаж байна шүү дээ.
Фэйсбүүк ороод хотын номертой дугаар авна зарна гээд хайхад маш олон зар гарч ирж байна. Энгийн дугаар 1-2 сая төгрөгийн үнэтэй азын дугаар бол 10-аад саятай байна. 100,200 мянган төгрөгөөр ч болов хямд дугаар авах гэсэн иргэд ямар ч хамаагүй хотын номертой дугаар 700-800 мянгад авъя гэж гуйсан янзтай бичиж байх жишээтэй. Тэдгээр дугаарууд лүү залгаад үзэхэд доорх хариултыг өгч байна.
Машины дугаарын худалдаачин
-Сайн байна уу? Улаанбаатарын серитэй дугаарууд зарна гээд зар оруулсан байсан
-Дугаарууд байгаа 1.5 саяас эхэлж байна.
-1.5 саяас доош үнэтэй дугаар байхгүй юу?
-Байхгүй ээ
У серитэй дугаар авахаар хайж буй хүн
-Дугаар авна гэсэн зар тавьсан байсан. Дугаараа авсан юм болов уу?
-Аваагүй л байна. Манай дүү орж ирсэн машин авах гээд байгаа юм. Хувь хүнээс тэгсэн чинь дугаар олддоггүй. Хотын дугаар хүнээс асуусан чинь 1 сая, 1.5 сая гэж байна. Ядаж 500 мянга ,600 мянгаар авчих юмсан гээд л хүмүүсээс асууж байна. Арай л аймар болчихжээ. Юу ч болоод байгаа юм.
Улаанбаатар серитэй дугаар авахыг хязгаарлаад маргааш өдрөөс нь л шалгуур хангасан тээврийн хэрэгсэлд цахимаар дугаар олгоод эхэлнэ гэж Нийслэлийн удирдлагууд ярьж байсан. Гэвч хоёр сар болсон ч олгож эхлээгүй байна. Зөвхөн 3.5 тонноос дээш жинтэй ачааны машин, автобусанд шалгуур үзүүлэлт гэхгүйгээр дугаар олгож байгаа юм. Шинээр дугаар олгох цахим нээлттэй систем нь бэлэн болсон. Нэгдүгээр сарын нэгнээс хотын дугаар авах хүсэлтийг цахимаар авч эхэлнэ гэж байсан ч 15-н болж ахиад л хойшиллоо. Тодорхой зохицуулалтгүй, Улаанбаатар серитэй дугаар олгохгүй байгаа энэ хугацаанд 50-60 дугаар өрчхөөд азтай, азгүй гэж ангилж байгаа “ар талтай” шагчид л хөлжих бололтой