УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна. Мөн зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна. Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ.