Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхтай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин чадлыг ойрын 10-15 жилийн хугацаанд 2-3 дахин нэмэгдүүлсэн нөхцөлд гэр хорооллын өрхүүдийн тавин хувийг орон сууцанд оруулах боломж бүрдэнэ. Иймээс мөрөөдлийн хэсэгт урагшилсаар байх болтугай гээд өнөөдрийн шийдлийг олох шаардлага, нөхцөл гарцаагүй тулгараад байна.
Утааг бууруулах гэдэг ойлголт нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээг бууруулах, хоёрдугаарт, агаарын чанар сайжрах явдал юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэхь хоруу чанар хамгийн их асуудал дагуулж байгааг сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна гэсэн үг юм.
Агаарын бохирдлын СO ялгарлын хэмжээний 60 хувь орчмыг гэрийн зуухнаас гарч байгааг тогтоосон байдаг. Улаанбаатарт утаа гаргаж буй 210 мянган өрхийн 70-80 хувийнх нь зуух нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хотын даргаас эхлээд холбогдох албаныхан мэдээлсээр байгаа.
Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн ойрын шийдэл нь 84 мянган айлын чанарын шаардлага хангахгүй зуухыг солих арга гэж дарга нар үзээд 32 мянгыг нь худалдан авах тендэр ч зарлагдсан. Хэрвээ тийм л юм бол Монгол инженерийн зохион бүтээсэн угаартах айдасгүй гэдгээр олонд танигдсан давхар шаталтат зуухыг гэр хорооллын өрхүүдэд хэрэглүүлэх нь хамгийн зөв шийдэл болно. Төрийн бүхий л шатны хяналт шалгалтын байгууллагуудч үүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Утаатай дэлхийн хотууд түүхий нүүрсээ сайжруулсан шахмал түлшээр солих, зуухаа хамгийн сүүлийн технологийн дэвшилтэт аргаар сайжруулах замаар явсаар өнөөдрийг хүрсэн. Бид ч энэ л замаар явж байна. Гол нь өндөр зардлаар бага үр дүнд хүрч байгаад иргэд бухимдсаар байгааг сануулах нь илүүц бизээ.