“Баавгай болох сон” уран сайхны кино видео сангуудад байршиж, Улаанбаатар даяараа л үзэж байна уу гэлтэй. Утааны сэдэв халуунаараа байгаа энэ цаг үед Монгол найруулагч яг ямар бүтээл хийчихсэн болоод дэлхий сонсоод, “тоогоод” байна вэ гэж их хотынхон маань сониучирхаж буй нь сайны дохио ч байж мэдэх. Олон чиг улаан хивсэн дээгүүр кино бүтээгчдээ алхуулж, дэлхийн зах зээл дээр 110 сая гаруй хэрэглэгчтэй “HBO Max streaming” болон олон улсын агаарын тээврийн компаниудын нислэгээр гарч эхэлсэн гээд дурдвал дуусашгүй амжилттай явна. Канн, одоо Оскарт хүч үзэж байна.
Тус кинонд Өлзийгийн дүрийг бүтээсэн Үүрцайхын Батцоожийг “Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьж оролцууллаа. Улаанбаатарын утаа залуусын, иргэнийхээ амьдрах хүслийг үгүй хийж байгаа эсэхийг бидний ярилцлагаас уншина уу.
-Дүү бид хоёрыг дааруулахгүй, өлсгөхгүй гэж хөдөлмөрлөсөн ээжийгээ зовж байгааг мэддэггүй, амттан, тоглоом л мэддэг хүүхэд байлаа-
-”Баавгай болох сон” киноны зураг авалтыг хийж байсан он цагаас өнөөдрийн Улаанбаатарт юу өөрчлөгдсөн байна вэ?
–“Баавгай болох сон” киноны зураг авалтыг 2021 онд хийгдэж байлаа. Юу өөрчлөгдсөн байна вэ гэж үү. Утаа л нэмэгдсэн байна. Монголд утаа түгжрэлээс том асуудал алга байна шүү дээ.
-Гэр хорооллын амьдрал хэр сайн мэдэх вэ?
–Сая гэр хорооллоос ирлээ. Хотын төвийн агаар, гэр хорооллын агаар ондоо. Үнэртэж байгаа үнэр нь хүртэл ондоо.
Би өнөө жил 18-тай, айлын том хүүхэд. Багаасаа л гэр хороололд амьдарсан. Түлээ, нүүрс түлж, усанд явж, даарахын мэднэ. Даарах үедээ, нүүрсгүй үедээ өөрөө л том болж байж улсынхаа ирээдүйг өөрчлөх байх гэж найддаг байлаа. Энэ улсыг өөрчлөх хүн байх гэж боддог байсан минь одоо ч хэвээрээ. Одоо ч тэгж бодогдож байна.
2015, 2016 он санагдаж байна. Аав байхгүй, манай бага дүү төрөөгүй байсан юм. Миний доод талын дүү, хоёр бид гурав хамт амьдардаг байлаа. Тухайн үед манайх өөрийн гэсэн орон гэргүй. Түрээсийн байранд хэсэг амьдарсан. Ээж ганцаараа ажил хийж, дүү бид хоёрыг тэжээнэ. Ээжийгээ яг бодож, юу тэвчиж байгааг ерөөсөө мэддэггүй жаахан хүүхдүүд байлаа. Сүүлд нь гэр авч, айлын хашаа түрээсэлдэг болсон. Дүү бид хоёрыг дааруулахгүй, өлсгөхгүй гэж хичээж, өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн ээжийгээ зовж байгааг мэддэггүй, амттай юм, тоглоом л мэддэг байлаа. Тэр үед нагац эгч маань намайг загнаж билээ. “Аав шигээ ээжийгээ зовоогоод, …ийм хүн болох гээд байгаа юм уу. Чи л ээжийгээ хайрлана” гээд л…Тухайн үед би уйлж байгаа хэр нь ээ хэлж байгаа үгийг нь сонсоод л байсан. Одоо ч тэр үг чихэнд сонсогддог. Тэр өдрөөс хойш ээждээ тусалъя гэж бодох болсон. Миний ээж бол миний мэдэх хамгийн ухаантай, хамгийн хүчтэй хүн. Ээж минь миний ард үргэлж байдаг шиг, ээжийнхээ ард би ч бас ямагт байюу гэж.
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдэд өөрчлөлт хийж чадах эрх нь байгаа. Чадвар нь байгаа үгүйг бол мэдэхгүй байна-
-Монголдоо амьдрах итгэл хэр их үлдсэн байна вэ, танд?
–Жаахан байхад зурагтаар гардаг гоё, гоё ах, эгч нарыг хараад, яг эд нар шиг л хүн болно. Монголдоо сайхан амьдарна гэж боддог байлаа. Одоо аль болох гадаадад мэргэжил эзэмшээд, тэндээ амьдрахыг хүсэж байна. Өнгөрсөн хавар Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, нэг жилийн завсарлага авчихсан байгаа. Энэ хугацаанд хэлээ сайн бэлдээд, гадагшаа явж жүжигчний мэргэжлээр суралцана. Их сургуулиа төгсөх үед маань Монгол өнөөдрийнх шиг утаатай байх юм бол тэндээ ажил төрөлд орж, аав, ээж, дүү нарыгаа татна аа. Маргааш, нөгөөдөр өнөөдрийнх шигээ утаатай байх юм бол ганц би ч гэлтгүй монгол залуус Монголоосоо явахыг л хүсэх байх.
-Баавгай болмоор санагдаж байна уу?
-Заримдаа тэвчээр тасрах үедээ баавгай болчих юм сан гэж боддог. Орой хичээлээ эсвэл ажлаа тараад утаанд дунд алхаж явахдаа, автобус хүлээгээд зогсож байхдаа, түгжрэлийг хараад баавгай болох сон гэж бодно.
-Ер нь бол энэ утаа залуусыг амьдрах хүсэлгүй, гэр бүл зохиох ч хүсэлгүй л болгоод байх шиг…
–Гэрээс гараад л хамар, хоолой гашуу оргино. Гудамжнууд нь харанхуй. Халтирч унаж үхчих гээд л… Автобус нь ч ирэхгүй.
Ийм хотод гэр бүлтэй болоод, үр хүүхэдтэй болно гэсэн итгэл төрөхгүй байгаа. Энэ их утаа, түгжрэл ургийн гажиг ч үүсгэж магадгүй. Хүүхэд нь гараад ирлээ гэхэд цэцэрлэг, сургуулийн хомстол ихтэй. Энэ мэт зүйлс өөрчлөгдсөн үед л, өөрөө гэр бүлээ авч явах чадалтай болсон үедээ л гэр бүлтэй болно гэж бодож байгаа.
-Яавал бид утаанаас салж чадна гэж бодож байна. Эсвэл бүгдээрээ Монголыг орхиод, зугтаах нь шийдэл юм уу?
-Миний хувийн бодлоор зүгээр л чаддаг хүмүүс нь ажлаа хийхэд утаа, түгжрэл асуудлуудаа шийдчих байх.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдэд өөрчлөлт хийж чадах эрх нь байгаа. Чадвар нь байгаа үгүйг бол мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүмүүст эх орноо гэх жаахан ч гэсэн сэтгэл байдаг бол ард иргэдийнхээ амьдралыг нэг хараад үзээсэй л гэж хүсэж байна.
ЯРИЛЦЛАГЫН ВИДЕО ХУВИЛБАРЫГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.