Нигери улсад гадаад хүний дүр эсгэн бусдыг луйвардаж байсан 792 этгээдийг баривчилсан талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.
Нигерийн цагдаа нарын мэдээлснээр, тэдгээр 792 луйварчин болзооны сайт болон танилцах үйлчилгээг ашиглан гэмт хэрэг үйлдэж байсныг нь илрүүлсэн аж.
Луйварчдын “Call Center” буюу дуудлагын төв нь Нигерийн Лагос хотын бизнесийн бүсэд байрлах тансаг зэрэглэлийн долоон давхар барилгад байрлаж байжээ. Луйварчдын бүлгэм суурин компьютерууд болон гадаадын дугаар бүхий утасны сим картууд ашиглан интернетээс “өгөөш” хохирогчдыг хайдаг байжээ. Тэд компьютерийн цаанаас “өгөөш” хохирогчдын итгэлийг нь олж аваад “Крипто хөрөнгө оруулалт” хийхийг ятгаж, цахим гэмт хэрэг үйлддэг байсан аж. Хохирогчдын ихэнх нь интернет луйварчдад итгэж, нэхэмжилсэн мөнгийг нь тэдний заасан данс руу шилжүүлж, эд хөрөнгөө алдсан байна.
Нигерийн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн эсрэг комиссын төлөөлөгч Уилсон Увуджарен хэлэхдээ, “Энэхүү гэмт бүлгийн толгойлогчид интернет ашиглан хохирогчдыг хайж олохдоо ихэвчлэн Нигерийн хань хамсаатнуудаа ашигладаг байсан. Тэдний фишинг халдлага голчлон АНУ, Канад, Мексик болон зарим Европын орнуудын иргэдийг онилж байсан” гэжээ.
(Эх сурвалж: Reuters)