Ерөнхий сайд “гэртээ иржээ”. Улмаар УИХ-ын чуулгантай өдөр Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулав. Өнөөдрийн хурлаар чухам ямар, ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар өөрөө гарч ирж мэдээлэв. Түүний мэдээллийг танд тоймлон хүргэж байна.
Засгийн газрын хуралдсан гурван зорилго:
- Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
- Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
- Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудал:
- Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
- Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
- Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ҮР ӨГӨӨЖ
Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.
Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна. Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.
Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
ҮЙЛДВЭР БА ТӨСЛҮҮД
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
АГААРЫН БОХИРДОЛД ГАРЦ “ХАЙВ”
Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байгаа аж.
Хэлсэн ярьсан даа бна шүү.Ам ажил 2 чин алд зөрж бна шүү ерөнхий сайдаа таны хэлсэн үг бүр хууль мэт бат найдвартай мэдээлэл байх ёстой байтал та яах гэж худлаа попорч байгаа юм бэ.Олон түмнийг хуурахаа болилдоо.
Бөөн өр ширтэй улс бгаа ш дээ.Нүүрсээ хамгийн хямдаар өгчөөд бид Монголчууд хортой түлш түлж хордож угаартаж өвчилж үхэж байх зүгээр үү